Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс сургалт зохион байгуулав
Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний барилга байгууламж барих, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрлүүдийг олгох, олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан дулааны үнэ, тарифыг батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэн, аймгийн хэмжээнд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс сумдад дулаан үйлдвэрлэх 16, түгээх 11, дулаанаар зохицуулалттай 16, нийт 3 төрлийн 43 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд дулаан хангамжийн чиглэлээр 16 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.
 
Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2013 оны 06-р сарын 14-ний өдрийн “Дулаан эрчим хүчний үнийг шинэчлэн батлах” тухай 01 тоот тогтоолоор өмнө мөрдөж байсан айл өрхийн дулааны үнийг 35 хувь, аж ахуй нэгж, албан байгууллагын дулааны үнийг 15 хувиар тус тус нэмэн, 2014 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд мөрдөн ажиллаж байгаа юм. Тус зөвлөл 2015 онд Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын дулааны үнэ тарифыг судлах, хяналт шинжилгээ хийх, Эрчим хүчний хуулийг сурталчлах, зөвлөгөө өгөх, хуулийг хэрэгжүүлэх зэрэг олон зорилт дэвшүүлжээ.
 
Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт зөвлөгөөн Сүхбаатар суманд боллоо. Орон нутагт Эрчим хүчний тухай, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, сурталчлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд сумдын цахилгаан, дулаан, цэвэр бохир усаар хангагч, Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, инженер техникийн ажилчид оролцлоо. Эрчим хүчний зохицуулах хорооноос аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааг дүгнэхэд Сэлэнгэ аймгийн зохицуулах зөвлөл “Хангалттай сайн” үнэлэгдэн тэргүүн байр эзэлсэн байна.