Сүхбаатар сумын жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцав
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хамгийн түрүүнд танилцсан үйлдвэрлэл Үжээд цайны үйлдвэр байлаа.
 
Тус үйлдвэр 2013 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дараа нь Цастбулган хайрхан ХХК-ийн ажилтай танилцлаа. Тус компани мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлээ өргөжүүлж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой хэмээсэн. Сүүлд очсон үйлдвэрлэгчид Сэлэнгэ Ундрам компани байлаа. Гоёлын шавар, плита зэрэг барилгын материал үйлдвэрлэж орон нутгийнхаа хэрэгцээг ханган ажиллаж байгаа үйлдвэрийнхэн цаашид ч үйлдвэрлэлээ өргөжүүлэх зах зээлийн нөөц боломж байна гэсэн юм. Аж үйлдвэрийн сайд дээрх жижиг дунд үйлдвэрлэгчдийн өнөөгийн үйл ажиллагаа, зах зээлийн нарийвчилсан судалгаа, борлуулалт, цаашдын хүсэлтийг нь авч танилцан дэмжих боломжтой эсэхийг судалж танилцуулахыг дагалдан яваа мэргэжлийн хүмүүст үүрэг болгосон. Мөн Сүхбаатар суманд баригдаж байгаа Худалдааны төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.