Л.Мөнхтөр Сэлэнгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

Монголын Радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийг Сэлэнгийн алтан намар, халиуран найгах тариан түрүүгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч энэ нэвтрүүлгийн гол эзэд нь Сэлэнгийн тариаланчид байсаар ирсэн. Сэлэнгэ нутгийн хавар, намарт Сэлэнгийн тариаланчидтай мөр зэрэгцэн алхаж, ургацыг тарьж бас хурааж явдаг сэтгүүлч бол радиогийн Л.Мөнхтөр. Тэр дундаа “Ургацын далай” нэвтрүүлгийн Л.Мөнхтөр. Тэрээр Сэлэнгийн ард түмний хавар намрын нөр их ажлын алтан хором бүхнийг тасралтгүй 21 жил “Ургацын далай” нэвтрүүлгээрээ монголын ард түмэнд хүргэж яваа нэгэн. “Сэлэнгийн Ургац -2014” баярын үеэр түүний энэ их хөдөлмөрийг үнэлж Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав гардуулан өглөө. Тариаланчаас дутахааргүй тариаланч болсон сэтгүүлч маань баярласнаа илэрхийлж “Би Сэлэнгийн тариа” хэмээх нэгэн шинэ шүлгээр түрлэг өргөлөө.