Аймгийн НХҮХэлтэс шинэ байртай боллоо
Шинийн 4-ний билэгт сайн энэ өдөр Сэлэнгэ аймгийн НХҮХэлтэс аймгийнхаа ард иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, тэр тусмаа зорилтот бүлгийн иргэддээ үйлчилгээ үзүүлэх шинэ байраа хүлээн авлаа. Шинэ байрны нээлтэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, агентлагуудын дарга нар оролцлоо. Гурван давхар энэ байр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц хөрөнгөнөөс 1,5 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөн баригдсан байна. Үүнд зөвхөн байрнаас гадна компьютер тоног төхөөрөмж, тавилга, машины асуудлыг цогцоор нь бүрэн шийдвэрлэж өгчээ. Ийнхүү нийгмийн халамж үйлчилгээний ийм сайхан төвтэй болсноор ард иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх боломж аймгийн НХҮХ-ийнхэнд бүрдэж байна. Тус төвд ахмад настаны танхим, хөгжлийн бэрхшээтэй иргэдийн танхим, зорилтот бүлгийн иргэдийн танхим, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим зэрэг олон танхим ажиллах юм. Энэ танхимуудаар аймгийн хэмжээний бүх иргэд үйлчилгээ авах боломжтой. Манай аймаг 105000 гаруй хүн амтай. Аймгийн НХҮХэлтэс 57 бүтэц орон тоотой, 2 ахмадын сувилалтай ажилладаг. Аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 30-аад мянган иргэн байдаг нь аймгийн нийт хүн амын 29,1 хувийг эзэлж байна.
 
 
 
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат: “Сэлэнгэ аймгийн нийгмийн халамж үйлчилгээ авдаг иргэдэд үйлчилгээ үзүүлэх төв нээгдэж байгаад баяртай байна. Бид Сүхбаатар, Алтанбулаг сумыг холбосон дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэж, хот болгохоор зорин ажиллаж байгаа. Өнөөдөр ашиглалтанд орж байгаа шинэ байртай хаяа нийлүүлэн орон сууцны хороолол, хаус хороолол, орчин үеийн хөлбөмбөгийн талбай,авто зогсоолыг барьж байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Хэлсэн ярьсандаа байж, эхэлсэн ажлаа амжилттай дуусгасан С.Эрдэнэ сайдад нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье” гэлээ.
 
Шинэ байрны нээлтийн үйл ажиллагааны үеэр нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн Х.Дорждэрэм, Я.Ууганцэцэг нар салбарын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын “Тэргүүний ажилтан цол тэмдгээр” Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн Г.Пүрэвмаа, ХХ-ийн дарга Л.Зоригтбаатар нар шагнагдлаа.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:-”Улс орны хэмжээнд нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн бид өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн НХҮХ-ийн барилгыг ашиглалтанд өгсөн. Энэ жил Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн барилгыг ашиглалтанд өгч байна. Ингэснээр төвийн буюу хойд хэсгийн хүн амын төвлөрөл бүхий аймгуудын иргэдийнхээ нийгмийн халамж үйлчилгээний орчныг сайжруулах асуудлыг иж бүрэн шийдэж чадаж байгаа юм. Удахгүй аймгийн НДХ-ийн барилгын эх засварыг хийнэ. Алтанбулаг чөлөөт бүсэд НД-ын тасгийн 3 давхар барилгын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн иргэдэд нийгмийн хамгааллын чиглэлээр тэр дотроо нийгмийн халамж, НД-ын үйлчилгээ үзүүлэх иж бүрэн боломжийг бүрдүүлж чадна гэж харж байгаа. Сэлэнгэчүүд маань үнэхээр тохилог сайхан байртай боллоо. Ялангуяа нийгмийн халамж хүсч байгаа тэр хэсэг бол амьжиргааны хувьд үнэхээр хүнд нөхцөлд байдаг иргэд. Тэд маань төрөөс хайр халамж хүсч ханддаг. Тэр иргэдэд үзүүлэх төрийн хайр халамж үйлчилгээг тохилог орчинд үзүүлэх нь тухайн иргэдийн сэтгэл зүйд, бусад талаар ч чухал нөлөө үзүүлдэг гэж ойлгодог. Энэ ч утгаараа энэ байрыг ашиглалтанд оруулж байгаа. Нэг талдаа манай НХҮХ-ийн ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч байна. Нөгөө талдаа Сэлэнгэчүүдэд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх орчин сайжирч байгаа. Ийм хоёр талын үр ашигтай бүтээн байгуулалт боллоо гэж харж байна.
 
-7-р сарын 01-нээс шинэ батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль маань хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжсэнээр маш олон чухал өөрчлөлтүүд гарна. Одоо эрүүл мэнийн даатгалд хамрагдаж багаа даатгуулагчдын маань хувьд эрүүл мэндийн чанар туйлын хангалтгүй байгаа. Тэднийг даатгуулагч гэдэг утгаар хэн ч хүлээж авахгүй байгаа. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр даатгуулагчдыг даатгуулагч гэдгээр нь хүлээж авдаг болно. Мөн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний чанарт даатгуулагчид маань өөрсдөө үнэлгээ дүгнэлтээ өгдөг болно. Өөрсдөө эмч, эмнэлгийн байгууллагаа сонгодог болно. Өөрсдөө гүйцэтгэлээр нь санхүүжилтээ хийдэг, хяналт тавьдаг болно. Даатгуулагчийг дээдэлсэн ийм хууль хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох ёстой” гэлээ.