ОХУ-ын Тээврийн яам 500 зөвшөөрөл нэмж өгөхөд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна
Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомт дээр зорчигч тээврийн автобусанд олгодог зөвшөөрлийн бичиг дууссантай холбогдуулан багагүй бухимдлыг үүсгэсэн. Аймаг орон нутгийн зүгээс холбогдох яам тамгын газарт дээрх байдлыг мэдэгдэж, албан тоотыг хүргүүлээд байгаа.
 
Монгол Улсын Зам Тээврийн Сайд Н.Төмөрхүүгийн ирүүлсэн албан тоотын хариуг та бүхэндээ хүргэж байна.
 
“Монгол Улс, ОХУ-ын хооронд зорчигчдын /жуулчин/ байнгын бус тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэхэд ашигладаг зөвшөөрлийн бичиг дуусч байгаатай холбогдуулан тус яамнаас уг зөвшөөрлийн бичгийг 4000 ширхэг нэмж өгөх хүсэлтийг 02 дугаар сарын 26-ны өдрийн 06/22 албан бичгээр ОХУ-ын Тээврийн яаманд хүргүүлсэн.
 
Харин ОХУ-ын Тээврийн яамнаас 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 9/874 тоот албан бичгээр зөвшөөрлийн бичгийн ашиглалттай холбогдсон мэдээ, тайлан ирүүлэхийг хүссэний дагуу холбогдох материалыг хүргүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 03-ны өдрийн 9/1057 тоот албан бичгээр хариу хүлээн аваад байна.
 
ОХУ-ын Тээврийн яамны захидалд Монгол Улс, ОХУ-ын хооронд зорчигч тээврийн байнгын үйлчилгээ шинээр нээх, одоогийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг ойрын хугацаанд нягтлан үзэж шийдвэрлэх санал илэрхийлж, 500 зөвшөөрөл нэмж өгөхөд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна.
 
Тус яам дээр дурдсан саналыг судалж байгаа бөгөөд энэ асуудлаар болон зөвшөөрлийн бичиг нэмж авах асуудлаар хоёр орны Тээврийн яамдын холбогдох ажилтнуудын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Иймд дээр дурдсан хязгаарлагдмал тооны зөвшөөрлийн бичгийг хүлээн аваад зохистой ашиглахын тулд холбогдох олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд хийгдэж буй зохицуулалтын арга хэмжээг цаашид ч авах шаардлагатай байгаа болно” гэсэн байна.