АНУ-ын эмч нар дурангийн хагалгаа хийж байна
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт АНУ-ын дурангийн мэс заслын SAGES багийнхан дурангийн хагалгааг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байна. Энэ нь аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд, эмчилгээ үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхэд ахиц дэвшил болохуйц үйл ажиллагаа болж байгаа юм. АНУ-ын дурангийн мэс заслын SAGES багийн эмч нар 06-р сарын 5-ныг хүртэл манай аймагт ажиллана. Энэ хугацаанд аймгийн мэс заслын тасаг, нэгдсэн хагалгаа яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч нарыг дагалдуулсан дурангийн мэс заслын хагалгаа болон ажлын байрны сургалтыг хийж, иргэд үйлчлүүлэгчдэд дурангийн хагалгааг хийх юм. Аймгийн Засаг дарга, ЗДТГ тус төслийг хэрэгжихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
 
SAGES баг “Сэлэнгэ аймагт төсөл”-ийн удирдагчаар мэс заслын их эмч Д.Сэргэлэн ажиллаж байгаа бол SAGES багийн гишүүдэд Америкийн дурангийн мэс засын эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жааклан Наарвээц, Америкийн мэс заслын их эмч Рамон Бээргэр, Алберто Ферререс, мэс заслын сувилагч Алисон Стахэли нар багтжээ. АНУ-ын мэргэшсэн эмч нарыг манай аймагт ажиллах үеийн дурангийн хагалгааны бүрэлдэхүүнд Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Бат-Орших, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн хагалгаа яаралтай тусламжийн тасгийн эмч мэргэжилтнүүд, сумдын эмч нар хамрагдан дадлагажиж, туршлага судлаж ажиллах юм.
 
 
Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
 
 
Сэлэнгэ аймагт явуулж байгаа эрүүл мэндийн бодлогын нэг чухал хэсэг бол өнөөдрийн энэ арга хэмжээ. Аймгийнхаа эмнэлгийн дурангийн хагалгааг чадваржуулах асуудал дээр бид онцгой анхаарч ажиллаж байна. Манай залуу эмч нар өөрсдөө санаачлага гаргаад дурангийн хагалгаа хийж эхэлснээс хойш 2 жил боллоо. Дурангийн хагалгаа гэдэг маань орж байгаа хүндээ харьцангуй зовиур багатай, бага хэмжээний газар хагалдаг, өндөр технологи бүхий хагалгаа учраас хүмүүсээ илүү чадваржуулах хэрэгтэй байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж АНУ-аас энэхүү багийг 7 хоногийн хугацаанд манай аймагт ажиллаачээ гээд урьж авчираад байна. Энд зөвхөн хагалгааны тухай асуудал биш тухайн орчинг хэрхэн бүрдүүлэх, өвчтөнг яаж бэлдэх,хагалгааг ямар орчинд хэрхэн хийх, багаар яаж ажиллах гээд манай эмч, мэргэжилтэн, сувилагч, асрагч нарт үр дүнгээ өгөх ийм давхар сургалт болж байгаагаараа онцлогтой. Энэ бол залуу эмч нараа чадавхжуулах бас нэг хэлбэр. Ер нь чадвартай, мэргэшсэн ийм эмч нарыг өөрийн орчин нөхцөлдөө урьж авчран, заавар зөвлөгөөг нь аван, дадлагажих нь хамгаас чухал. Энэ бол чадавхжуулах тухай асуудал. Бид гадаад руу зарим эмч нараа явуулж сургаж байна. Ийнхүү нэг төсөл маань амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ бүхний үр дүнг манай ард иргэд хүртэх ёстой. Цаашдаа ч эрүүл мэндийнхээ салбарт энэ мэт иргэддээ, эмч мэргэжилтэнгүүддээ үр нөлөөгөө өгөх ажил арга хэмжээг аймгийн Засаг даргаас дэмжиж хамтран ажиллах болно.
 
 
 
Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч М.Бямбадорж:
 
 
Эдгээр эмч нар маань 06-р сарын 01-нээс хагалгаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 5 хүнд дурангийн хагалгааг хийгээд байна. Нийтдээ 15 хүнд хагалгаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Цагийн байдлаас болоод ганц нэг хүн нэмэгдэх тохиолдол гарч магадгүй байгаа. Мэс заслын эмчилгээ гэдэг маань багийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч байдаг. Нэг хүн сурч ирээд бусаддаа зааж сургана гэдэг цаг хугацааны хувьд ч тэр ер нь л тийм ч амар зүйл биш. Бидний хувьд энэхүү үйл ажиллагаа нь газар дээрээ багаар ажиллах нөхцлийг бүрдүүлсэн маш их давуу талтай, үр дүнгээ өгсөн үйл ажиллагаа болж байна. Дурангаар бүх төрлийн хагалгааг хийх боломжтой. Одоо манай дээр голчлон цөсний хүүдийн хагалгааг хийж байна.