Түнхэл нутгийн уугуул, суугуул иргэдээ 50 жилийнхээ ойд хүрэлцэн ирэхийг урьж байна
Мандал сумын Түнхэл тосгоны захирагч Б.Раднаабазар:
 
Түнхэл нутгийн уугуул, суугуул иргэдээ 50 жилийнхээ ойд хүрэлцэн ирэхийг урьж байна
 
Нутаг орноор хаваржилт сайхан байна аа даа...?
Манай нутагт хаваржилт сайхан болж байна. Маш сайхан өвөл болж өнөгрсөн. Манайх малчин болон мал бүхий гурван зуу наяад өрхтэй. Мал сүрэг, төл эсэн мэнд бойжиж байна. Тосгонд модны чиглэлийн 9 компани үйл ажиллагаа явуулдаг. 10 нөхөрлөл ойн санг хамгаалдаг. Эд нийт 88 га-д ойн санг хамгаалж байгаа. Бидний гол ажил ирэх зун болох 50 жилийнхээ ойн бэлтгэл ажил байна даа. Хог шорооноосоо салах, тохижилтын ажилруугаа орох гээд ажил их байна аа.
 
Ойн бэлтгэл ажлаа хийгээд эхэлчихсэн үү. Ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
 
Энэ оны долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд манай тосгон байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа. Бид ойгоо угтаж тосгондоо бүтээлч ажлуудыг хийхэд гол анхаарлаа хандуулж байна. 20-оод ажлын жагсаалтыг гаргасан. Хамгийн түрүүнд Түнхэл тосгонд ажиллаж, амьдарч байсан иргэдтэйгээ уулзах, тосгоноо сурталчлах өдөрлөгийг нийслэл хотноо зохион байгуулсан. Хараа гол дээрх 136 метр гүүрээ засаж дууслаа. Энэ ажилд манай сумын хурлаас 20 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Мөн Ж.Эрдэнэбат гишүүн туслахаар болсон. Одоо цаана нь хоёр том гүүр байгаа. Үүнийгээ бас засна. Мөн төвийнхөө 3,4 км замаа засч, гэрэлтүүлгээ сайжруулна. Батсүмбэр, Зүүнхараа, Шонхор чиглэлийн 3 замаа хусаж цэвэрлэх ажлууд хийгдэнэ.
 
Бүтээн байгуулалтын ажлууд өрнөх нь ээ, танай тосгонд. Төрийн үйлчилгээний чиглэлээр та бүхэн маань юу хийхээр төлөвөлж байна вэ?
 
Энэ жилийн манай бүх л ажлын гол утга нь иргэдрүүгээ чиглэсэн байгаа. Үүний нэг хэсэг нь Түнхэлийн аж ахуйн нэгжүүд бүх айл өрхүүд хашаагаа жигдэлж засах ажил хийгдэх юм. Эзэнгүй хашаануудын эзэнг олох, жигдлэх ажил одоо эхлээд байна. Нэг хэцүү асуудал бол хог. Хуучин хогийн цэг маань дүүрсэн учир одоо булна. Тиймээс бид шаардлага хангасан хогийн цэгтэй болох ажлыг эхлүүлээд байна. Ингэж тохилог орчинд иргэдээ амьдарч, амрах боломж нөхцлийг нь бүрдүүлье гэсэн зорилгыг тавиад ажиллаж байна.
 
Танай нутаг ч байгаль цаг уурын хувьд бас л сайхан нутаг шүү дээ. Нутаг орноо мөнхөлсөн, дуурсгалт үйл явдлуудыг харуулсан бүтээн босголтын ажил ойн арга хэмжээтэй хамт явагдаж таарах байх...?
 
Тиймээ. Бид Сайрын дэв, Хараа гол орчмоо амралт зугаалгын бүс болгохоор зориод байна. Хараа гол дээгүүрээ 3 жижиг гүүр барина. Ирсэн хүмүүс чөлөөтэй амарч зугаалж явах ийм бүс болгохоор зориод байгаа юм. Мөн бид орон нутаг судлах модны музейтэй болохоор бэлтгэл ажлууд эхлээд байна. Манай тосгон бол модны аж ахуйг түшиглэж байгуулагдсан онцлогтой тосгон. Спорт заалныхаа шалыг модон болгохоор банзаа аваад хатаалгад өгчихсөн. Түнхэлийнхээ үдэж угтах хаалгыг шинэчилнэ. Хошуу ноён ваатар ван Наваанюндэнгийн хоёр ч дуунд хөшөө босгох ажлыг хийнэ. Манайд улсад хоёр түрүүлсэн хээр морь гэж бий. Энэ мориныхоо хөшөөг босгоно. Ийм л хэдэн гол ажлуудад анхаарлаа төвлөрүүлээд явж байна.
 
Саяхан танай ИНХ болж тосгоноо сум болгох талаар эрчимтэй яригдсан гэж сонссон. Ер нь үе еийн Засаг дарга нарын иргэдтэй хийх уулзалтын үеэр энэ асуудал байнга яригдаж байдгийг бид мэднэ. Энэ талаар...?
 
Саяхан манай иргэдийн нийтийн хурал болж жаргал зовлонгоо ярилцсан. Энэ хурлаас гарсан гол санал бол тосгоныг бие даасан сум болгох тухай санал байсан. Зуун хувийн саналаар энэ асуудал дэмжигдэж бид дээд шатныхаа байгууллагад уламжилаад байна. Үнэхээр ч манай Түнхэл бол Мандал сумаас 45 км-т алслагдсан. Иргэдийн гол ажлууд дандаа Зүүнхараа явж шийдэгддэг. Иргэдэд байнга л зардал чирэгдэл гарч байдаг. Бие даасан сум байлгах энэ асуудал маш олон жил яригдаж байгаа. Энэ асуудлыг манай дээд шатны байгууллагууд дэмижх байх гэж бид найдаж бас хүсч байна.
 
Та тосгоныхоо хөгжлийн хандлагыг тодорхойлохгүй юу? 2020, 2030 оны Түнхэлийг ямраар харж байна вэ?
 
Манай тосгон бол дэд бүтэц сайтай, төмөр зам дагуу, байгаль сайхантай нутаг. Тиймээс энэ бүхэнрүүгээ чиглэсэн хөгжлийг бид харж байгаа. Аялал жуулчлалын тосгон байх ёстой гэдэг хэтийн чиглэл бий. Энэ тосгон бол модны чиглэлээр байгуулагдсан тосгон. Мод бэлтгэдэг байдал багасч байгаа. Цаашид ч багасна. Хийсэн модоо бүрэн ашигладаг, эцсийн бүтээгдэхүүн болгодог ийм үйлдвэрлэлийг чухалчилж байгаа. Мэдээж мал аж ахуйн чиглэл маань байна. Ийм л гол гол чиглэлийг харж байна.
 
Танай тосгон өнгөрсөн оны аймгийн тэргүүний тосгон болсон. Тиймээс та өөрийнхөө ажлын арга туршлагаас хуваалцахгүй юу?
 
Манай хамт олон санаа нийлж баг болж ажиллаж чаддаг. Бид иргэдийнхээ хүсэл зориг дээр тулгуурлаж ажлаа явуулдаг. Амьжиргаа хүнд айл өрхүүдээ хэрхэн дээшлүүлэхэв, иргэдээс гарсан саналыг яаж ажил болгохов гэдэг дэр голлон анхаарч ажилласан. Энэ ч үүднээс аймаг биднийг үнэлсэн байх гэж бодож байна. Энэ жил амжилтаа бататгана гэж зорьж байгаа.
 
Мэдээж тосгонд тулгамдаж байгаа асуудлууд байгаа л байх...?
 
Байлгүй яахав. Алсын хараатай, хэтийн хөгжилд нь нөлөөлөх ямар ажил байна вэ гэхээр зэрэг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байгаа. Цэвэр бохирын асуудал шийдэгдээгүй. Эрчим хүчнээс эхлээд хаана юу байх ёстой нь тодорхой бус. Аль чиглэл нь үйлдвэрлэлийн район байх юм. Айлуудынх нь хөгжил хаана байх юм гэдэг асуудал бүрэн шийдэгдээгүй болохоор газар олгох асуудал хүнд байна. Энэ нэг номерийн асуудал гэж би ойлгож байгаа. Дараагийнх нь ажлын байрны асуудал. Цаашдаа энэ олон хүнийг яаж ажлын байртай байлгахав. Тодорхой бодлого, судалгаа хийж аль чиглэлийн үйлдвэр хөгжвөл болох юм бэ гэдгийг тогтоох ёстой. Энэ ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой гэж зорьж байгаа ч хийлгэж чадахгүй л байна. Манайх Хараа гол дээрээ модон гүүртэй. Аймгийн хэмжээнд модон гүүртэй үлдэж байгаа ганц газар бол манайх. Тиймээс бетонон гүүртэй болох асуудал бол зайлшгүй ирээдүйн шаардлага. Ер нь бол хар замтай болж байж хөгжилд хамгийн том хувь нэмэр орж ирэх учиртай. Зам дагаж хөгжил гэдэг дээ.
 
Түнхэл тосгоны хувьд бусад сумтай харьцуулахад Казак иргэд олонтойгоороо онцлог. Энэ хүмүүст чиглэсэн ч гэх юмуу ямар нэг үйл ажиллагаа явагддаг уу?
 
Манай Түнхэл бол маш их онцлогтой. Олон үндэстэн ястан амьдардаг тосгон. Илгээлтээр ирсэн хүмүүсийн нэг хэсэг нь Казак иргэд байдаг. Одоо 80-аад өрх байна. Казакууд бол үндэсний их онцлогтой, өв соёлтой ард түмэн. МАА, модны үйлдвэрлэлд Түнхэлийн нийтлэг жишгээр ажилладаг. Өв соёлоо хадгалсан, ах дүүсээ хүндэтгэдэг, ажилсаг хүмүүс байдаг. Манайд “Түнхэл Казак” гэж ТББ байгуулагдсан. Наурызийн баярыг энэ байгууллага бие даан хийдэг болсон. Хуучин бид захиргаанаас зохион байгуулдаг байсан бол одоо бие дааж зохион байгуулдаг болсон. Өөр шашинтай хүмүүс учраас үндэсний шашны сүмийг барихаар төлөвлөж байгаа. Тэнд шашны зэрэгцээ үндэсний өв соёлыг харуулах, казак хэлээр хичээл ордог болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
 
Та олон ч жил тосгоны захиагчийн ажлыг хийлээ. Төрийн энэ их ажлын хажуугаар ар гэртээ хэр их цаг зав гаргаж байна вэ?
 
Энэ тал дээр ер нь бол хэцүү шүү. Төрийн ажил багадахгүй. Багийн Засаг дарга, Тосгоны захирагч гэхэд ажил ачааллаа дийлэхгүй хэмжээнд л байдаг даа. Ар гэртээ анхаарч байгаа зүйл тун бага. Манай хүн ч ялгаагүй нийгмийн төлөө гэж явдаг хүн. Бид хоёр гэрийн бараа хардаггүй л хоёр хүн байдаг юм.
 
Мэдээж сонирхол хобби гэж байгаа...
 
Байгальдаа тэр тусмаа ууланд явах дуртай. Спорт тэр дундаа теннисэнд маш их дуртай. Тиймээс энэ жил теннисний клубыг байгуулахаар болсон. 7-12 насны хүүхдүүдийг авна. 2-3 жилийн дараа аймгаасаа шинэ улсын аваргуудыг төрүүлэхээр зорьж байна. Одоо манай аймгийн хэмжээнд теннисээр голлож Хөтөлийн хүүхдүүд л байна. Дараа нь Сүхбаатарынх. Энэ хүүхдүүд дотор л Түнхэлийн хүүхдүүдийг оруулна л гэж зорьж байгаа юм. Манайх эко аялал жуулчлалын бүс нутаг болох бүрэн боломжтой. Тэр тусмаа хоттой маш ойр байгаа учраас давуу тал байна. Энэ эко аялал руу олон хүнийг татах, аялуулах нь хамгаас чухал. Үүнийгээ байгаль орчноо, Хараа голоо хамгаалах хөдөлгөөнтэй уялдуулж явуулах юмсан гэж зорьж байна.
 
Сүүлийн зайг таньд үлдээе...
 
Түнхэл нутагт ажиллаж амьдарч байсан нийт хүмүүсээ нутгийнхаа ойд хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Бидэнтэй холбогдоорой, бүгдээрээ баяраа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлье гэж хэлмээр байна.