Дотоодын хэрэгцээг хангах ургамлын тосны үйлдвэр Баянгол суманд нээгдлээ
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Тослог ургамлыг боловсруулан хоногт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат үйлдвэр нээгдлээ. Энэ сарын 22-ны өдөр үүдээ нээсэн тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Делта холдинг” группын захирал н.Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат нарын албаны хүмүүс оролцоо. “Делта холдинг” группын охин компани болох “Майнд тэч” компани тус үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.
 
Үйлдвэрийг байгуулахад “Делта” группийнхэн өөрсдийн санхүүжилтээс гадна “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулжээ. Үйлдвэр ашиглалтанд орсноор эх орны хөрсөнд ургасан тослог ургамлыг боловсруулж, монголчуудын өдөр тутмын хэрэгцээнд нийцэх, стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй “Оргих” ургамлын тосыг гарган монголын зах зээлд нийлүүлэх ажээ. Түүнчлэн дан ганц ургамлын тос үйлдвэрлээд зогсохгүй рапсны үлдэгдэл шаараар малын тэжээл, био дизель түлш зэргийг гаргаж юм. Тус үйлдвэр орон нутгаас байнгын 60 ажлын байраар иргэдийг хангаж, улирлын чанартай 80 гаруй ажлын байранд орон нутгийн иргэдийг ажиллуулж байна. Тослог ургамлынхаа үрийг Герман улсаас оруулж ирдэг бөгөөд энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, газрын хөрсөнд сөрөг нөлөөгүй юм байна. Тус үрний нэг тн нь 30 сая төгрөгөөр зарагддаг бол хятадуудын тарьж ургуулдаг үр нь хоёр сая төгрөгөөр зарагддаг ажээ. Тиймээс чанарын хувьд маш сайн гэдгийг “Майнд тэч” компанийн Үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэн танилцууллаа.
 
Үйлдвэрийн нээлтэд оролцсон ХХАА-н сайд Р.Бурмаа: “Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн нэг нь тослог ургамлыг болосвруулах энэ үйлдвэр. Монгол Улс жилдээ 25-30 мянган тонн ургамлын тосыг хэрэглэдэг. Тэгвэл үүнийг орлох том үйлдвэр ашиглалтад орж, өнөөдөр нээгдэж байгаад салбарын сайдын хувьд баяртай байна. Монгол Улсын Засгийн газар импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд уг үйлдвэрийг бүтээн босгоход “Чингис бонд”-оос 22.5 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нүдээ олсон, ухаалаг шийдвэр боллоо” гэлээ. 
Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ онцлогтой. "Майнд тэч" компанийн үйлдвэрлэсэн "Биодизель" түлшийг хэрэглэсэн машинаас ялгарах хорт утаа энгийн түлш хэрэглэсэн машинаас бага байдаг гэнэ. Эднийхэн тосоо аль болох хямд үнээр худалдаалах стратеги баримталж байна. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 100 хувь Германаас оруулж ирсэн бүрэн автомат үйлдвэр учраас хүний оролцоо бага байдаг байна.
 
Монгол Улсын хэмжээнд жилд 26-30 мянган тонн ургамлын тос импортоор орж ирдэг байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор эх орны хөрсөнд ургуулсан тосны ургамлыг боловсруулж, тос гаргаж авсанаар дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 2600-3000 төгрөгөөр тосоо борлуулж байна. Үйлдвэр дараагийн шатаа хэрэгжүүлбэл үйлдвэрийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломжтой ажээ. Мөн дизель түлшийг үйлдвэрлэснээр хоёр талын ашигтай гэлээ. Тухайлбал монголын хөрсөнд ургаад хятад руу экспортлогдоод байгаа бүтээгдэхүүнийг монголдоо авч үлдэх, 100 хувь гаднаас хараат байгаа дизель түлшний хэрэгцээг багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох зэрэг ашигтай.
 
Харин малын тэжээлийн хувьд 40 кг-аар савлагдсан нэг шуудай тэжээлийг 22 мянган төгрөгөөр худалдаадаг. Эднийх хоногт 3200 шуудай тэжээл үйлдвэрлэж ихэвчлэн орон нутагтаа борлуулдаг. Тэжээлийг зуны цагт уяачид мориндоо их авч өгдөг ажээ.