Сургуулиуд нум сумтай боллоо
Аймгийн боловсролын салбарын зүтгэгч хүч болон сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийн нэгдсэн сургалт зөвлөгөөн өнөөдөр болж байна. Боловсролын салбарынхан маань ирэх хичээлийн жилийн зорилт, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн ярилцаж байна. Энэхүү сургалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат оролцож, Сэлэнгэ аймаг Монгол Улсын ШИЛДЭГ аймаг болоход боловсролын салбар сургууль, цэцэрлэгүүдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Тиймээс 35 ерөнхий боловсролын сургууль, 3 МСҮТ, 34 цэцэрлэгт ТАЛАРХАЛ гардуулан хадгалуулав.
 
Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудад нум сум гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсон. Манай аймаг Монголын уламжлалт сурын харвааг аймгийн хэмжээнд хөгжүүлэх, бүх нийтийг жигд хамруулан өсвөр залуу үеийнхэнд өвлүүлж хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, материаллаг баазын бэхжүүлэх зорилгоор “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Үндэсний сурын харвааны нум сумыг үйлдвэрлэх үндэсний үйлдвэр манай аймгийн Дулаанхаан тосгонд байдаг билээ.