Амралтын өдөр УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллалаа
06-р сарын 06-ны өдрийн өглөөний 10.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод үрэлцэн ирэхэд Сэлэнгэ аймгийн удирдлагууд угтан авлаа.
 
Угтан авалтын дараа аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийж, өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүдийнхээ идэвхи оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар хөдөлгөөнийг өрнүүлсэн, аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарласан, тус ажлын хүрээнд сумдууд өөр өөрийн онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа талаар, аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдэг онцлогтой болсон зэрэг ололт амжилт, давуу талаа танилцууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн талаар асууж сонирхож байв. Сэлэнгэ аймаг түрээсийн болон залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан:-”Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Сүхбаатар суманд нийт 720 гаруй айл шинээр орон сууцанд орсон. Цаашид иргэдийн хэрэгцээ нэмэгдвэл шинэ орон сууц барих боломж байгаа. Мөн 64 айлын “Залуус хороолол” болон бусад шинэ орон сууцыг барих бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа” гэлээ. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга аймгийн удирдлагуудад УИХ-аар хэлэлцэж байгаа, мөн батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа, хууль удахгүй батлагдана гэж тайлбар өгч байв.
 
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтанд оролцлоо
 
 
 
Аймгийн удирдлага, харъяа албадын дарга нартай уулзсаны дараа УИХ-ын дарга “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтанд оролцож үг хэллээ. Тэрээр:-”Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энд Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгосон. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгэсэн. Мөн сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Хоёр дахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдаж байна. Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361, Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж, хамрагдалт 85.5 хувьтай болсон. Судалгаанаас үзэхэд нийт оролцогчдын 69.5 хувь нь сургалт маш чухал ач холбогдолтой байсныг онцолж, 30.5 хувь нь хэрэгцээтэй сургалт байсан гэж үзсэн байна. Энэ жил зохион байгуулагдах хоёрдахь шатны сургалтанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана. Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил 5 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан. Энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана” гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт:-”УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн сургалтын үйл ажиллагаанд оролцож буй нь арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа хэлбэр. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бид Улаанбаатар хотноо хийсэн. Энэхүү хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болсон. Энэ нь Сэлэнгэчүүд та бүхний хөдөлмөрийн үр дүн юм гээд УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгөв. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр:-”Энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгаа” гэлээ.
 
Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
 
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Айвико” компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр 80.0 сая төгрөгийн өртөг бүхий бөөрний дутагдал өвчний Гемодиализын аппаратыг суурилуулж, орон нутгийн хэмжээнд ийм аппараттай анхны эмнэлэг болоод байгаа. Мөн тус эмнэлэгт АНУ-ын дурангийн мэс заслын SAGES багийнхан дурангийн хагалгааг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байгаа. Энэ нь аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлс, эмчилгээ үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхэд ахиц дэвшил болохуйц үйл ажиллагаа болж байгаа юм. Аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг:-”Хөдөө орон нутагт дурангийн хагалгааны мэргэшсэн эмч нар дутагдалтай байдаг. Иймээс эмнэлгийнхээ 6 эмчийг дурангийн хагалгаагаар мэргэшүүлэн сургасан. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын хэмжээн дэх II шатлалын эмнэлгүүд дундаа хамгийн сайн тоноглолтой эмнэлэг болсон. Мөн хүнд өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Улаанбаатар хот дахь нарийн мэргэжлийн эмч нартай цахимаар холбогдон арга зүйн зөвлөгөө авдаг” хэмээн танилцуулж байв. Түүнчлэн биохимийн бүрэн автомат анализатор, улсын хэмжээнд хоёр ширхэг байдаг цус бүлэгнэлтийн “Коагуляпрон” аппарат, шээсний автомат анализатор болон бусад тоног төхөөрөмж бүхий нарийн шинжилгээний лабораторио танилцууллаа. Мөн тус эмнэлэг нь бүс нутгийн өвчтөнүүдийг хүлээн авч нарийн үзлэг оношлогоо, хоёрдугаар шатлалын эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг, нийт 180 ортой. Ийнхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бүс нутгаас Улаанбаатар хотыг зорих өвчтнүүдийн урсгалыг 13.1 хувиар бууруулсан хэмээн эмнэлгийн дарга хэллээ.
 
Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа
 
 
УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллахдаа  Алтанбулаг дахь Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. УИХ-ын даргыг Алтанбулаг дахь Чөлөөт бүсд хүрэлцэн очиход чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр тэргүүтэй хил, гаалийн удирдах албаныхан угтан авлаа. Тус Чөлөөт бүсийн захирагч УИХ-ын даргад 2013-2015 онуудад хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүсийн үйл ажиллагааг нээж, олон улсын үзэсгэлэн, яармаг худалдааг зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, газрын гэрээ байгуулсан 112 аж ахуйн нэгж, чингэлэгийн худалдаа эрхлэх 59 аж ахуйн нэгж тус бүст ажиллаж, 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ. Дэд бүтцийн хувьд одоогоор гааль худалдааны зам талбайг улсын комисст хүлээлгэн өгч ашиглаж эхэлжээ. Мөн бүсийн үерийн хамгаалалтын далан сувгийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн, бүсийн доторх 800 м3 усан сан, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолойн туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж хэрэглэгчийг холбоход бэлэн болсон гэлээ. Түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аас баталсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулж дуусгасан байна. Тус бүсийн үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бүсэд 11330 зорчигч нэвтэрсэн бөгөөд чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэвийн горимоор явагдаж байгаа хэмээн танилцуулсан. Чөлөөт бүсэд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн чиглэлийн, төлбөрт таавар, бооцоот тоглоом гээд бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн зохицуулалттай аж. Энд чөлөөт бүсийн нийт орлогын 20 хүртэлх хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор зарцуулах юм байна. Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хэрэглэгчдийн ачааллыг 2 ш 10кВт-ын хуваарилах байгууламж, 8 ш хаалттай дэд өртөөг шинээр барьж эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Цахилгаан хангамжийн зураг төслийг хийх ажлын даалгаврыг бэлтгэж зураг төслийн үнийн санал авахаар эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн гэлээ. Түүнчлэн чөлөөт бүсийн хүзүүвчийн болон эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдэд шаардлагатай зориулалтын стандарт зам талбайг барьж байгуулах, олон улсын үзэсгэлэн яармаг худалдааны цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, мод модон бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэлийн паркийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд шинээр хэрэгжүүлнэ хэмээн тайлбарлаж байсан. Энэхүү танилцуулгын дараа УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс хичнээн төгрөгийн санхүүжилт авч, ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар тодрууллаа. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсвөөс нийтдээ 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүгээр цэвэр усны асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд бохирын шугам сүлжээний ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа. Энэ ажлыг дуусгахад 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Түүнчлэн цахилгаан, зам, дулааны станц зэрэг дэд бүтцийн асуудлыг концессын гэрээгээр шийдвэрлэх шаардлага бий хэмээн хариулсан. Үүний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар чөлөөт бүсэд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.