Арслан, харцага, цолтон төрсөн аймгийн наадам
Тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
 
Сэлэнгэ түмний их наадам дуутай, хууртай, дурсан ярих өрнүүн их яриатай өнгөлөг, дэлгэр сайхан боллоо. Баяр наадмын түрүүнд аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбай дахь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд уламжлалын дагуу аймгийн удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын нээлт төв цэнгэлдэх хүрээнд эхлэхэд хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн албан хаагчид парад жагсан наадамчин олны сэтгэлийг хөдөлгөлөө. Сэлэнгийн хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, мэргэжлийн урлагийн байгууллагын дуучид урлагийн тоглолт үзүүлэн түмэн олноо баясгалаа.
 
Нээлтийн үзүүлбэрийн дараагаар улсын начин Ч.Мөнхтогтох, Ш.Зоригт, аймгийн арслан Г.Ганзориг, Б.Бямбаа нараар магнайуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нутгийн бөхчүүд тэр дундаа начин, заан, залуу бөхчүүд олноор барилдсанаас шөвгийн дөрөвт аймгийн заан Э.Саранбаатар, аймгийн заан Э.Эрдэнэбаяр, аймгийн начин Е.Баярбаатар, аймгийн начин М.Жаргалсайхан шалгаран үлдэж, үзэгч олныг уухайлуулсан уран сайхан барилдааныг гарган барилдлаа. Үзүүштэй сонирхолтой барилдааны үзүүр түрүүнд Зүүнбүрэн сумын харьяат аймгийн заан Э.Саранбаатар, Мандал сумын харьяат аймгийн начин Е.Баярбаатар нар хүчийг үзэн барилдаж, Е.Баярбаатар түрүүлж аймгийн арслан цолны эзэн болсон бол аймгийн заан Э.Саранбаатар 3 дахь удаагаа аймгийнхаа баяр наадамд үзүүрлэлээ. Хүчит 256 бөх барилдсан аймгийн баяр наадмаас Түшиг сумын харъяат аймгийн начин М.Жаргалсайхан харцага цолтон, Сант сумын харъяат Б.Баатарболд, Мандал сумын харъяат Т.Дэчинжүрмэд нар аймгийн начин цолтон болж Сэлэнгийн хүчит бөхчүүдийн тоог нэмцгээлээ. Баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 хүчтэн зодоглосноос Цагааннуур сумын харьяат Н.Орхонбаяр түрүүлж, мөн сумын н.Түвшинбаяр үзүүрлэлээ. Ийнхүү Ардын хувьсгалын 94 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Сэлэнгэ аймагт нэг арслан, нэг харцага, хоёр начин цолтон төрж, бөхийн торгон дэвжээгээ шинэ цолоор мялаалаа.
 
 
Үндэсний сурын харваанд Улсын хошой мэргэн Б.Гүнбадрал, Улсын мэргэн Б.Уушаан, Улсын мэргэн н.Рэнцэндорж, спортын мастер н.Пүрвээ, Н.Сүхбаатар, Б.Отгонболд, н.Хишигдорж, Э.Мягмарсүрэн, н.Оюунчимэг, аймгийн мэргэн Б.Хишигмаа, Б.Уянга, өсөх идэр мэргэн Э.Дөлгөөн, н.Мөрөн нарын 50 гаруй харваачид цэц мэргээ сорин өрсөлдсөн. Үндэсний сурын харвааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Н.Сүхбаатар тав дахь удаагаа түрүүлсэн бол удаах байруудад Б.Отгонболд, Шаамар сумын харваач Ж.Батбилгүүн нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийг Дулаанхаан тосгоны харваач Х.Мягмарсүрэн 6 дахь удаагаа тэргүүлсэн бол Н.Оюунчимэг, Г.Уянга нар удаах байрт шалгарч цэц мэргэнээ харууллаа. Наадмын товх харваанд эрэгтэйчүүдийг Б.Отгонболд, Н.Сүхбаатар, эмэгтэйчүүдийг н.Хосшагай, н.Отгонбаяр нар тэргүүн, дэд байруудад шалгарч үзэгч олноо баярлууллаа. Наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт Ц.Азжаргал, удаах байрт О.Эрдэнэ-Очир, Б.Хосшагай, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Шаамар сумын харваач М.Мишээл, удаах байрт Ерөө сумын харваач Н.Мөрөн, Э.Мандуулай нар шалгарлаа.
 
 
Ардын хувьсгалын 94 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдааны Соёолон насны морьдын түрүү магнайд Алтанбулаг сумын н.Эрдэнэ-Очирын хар, аман хүзүүнд Цагааннуур сумын Б.Батсүхийн бор хурдалж, Сүхбаатар сумын Алтангэрэлийн хонгор, Сүхбаатар сумын Ш.Оргилын хээр, Сүхбаатар сумын Г.Бямбаагийн халиун айрагдлаа. Их насны түрүү магнайд Хушаат сумын О.Бат-Очирын соёмбот хул, аман хүзүүнд Сүхбаатар сумын Г.Бямбаагийн шарга хурдалсан бол Алтанбулаг сумын Хишигбуянжаргалын хонгор цагаан, Мандал сумын Түнхэл тосгоны Н.Наранбаатарын халиун айрагдлаа. Хязаалангийн уралдааны түрүү магнайд Шаамар сумын Б.Энхсайханы бор, аман хүзүүнд Ерөө сумын М.Давхарбаярын хүрэн, айргийн тавд Баянгол сумын В.Батжаргалын сартай хүрэн, Цагааннуур сумын Н.Эрдэнэгэрэлийн хонгор, Сүхбаатарын Ш.Оргилын шар хээр хурдаллаа. Шүдлэнгийн түрүү магнайд Түшиг сумын С.Баатарын сартай хээр, аман хүзүүнд Сүхбаатар сумын Ё.Батзулын цавьдар хурдалж, Мандал сумын Отгонбаярын хул, Шаамар сумын Мөнхсайханы хонгор, Түшиг сумын С.Батзоригийн хүрэн айрагдлаа. Хурдан Азарганы уралдааны түрүү магнайд Алтанбулаг сумын М.Зоригтбаатарын цавьдар халзан, аман хүзүүнд Хушаат сумын Х.Ганбатын үүлэн хээр хурдалж, Төв аймгийн Говьсүмбэр сумын Эрдэнэбаярын сартай хүрэн, Баянголын Л.Өлзийнямын хул, Мандал сумын Хүсэл-Эрдэнийн хар хурдаллаа. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд түрүү магнайд Төв аймгийн Сүмбэр сумын н.Эрдэнэбаярын халтар, аман хүзүүнд Цагааннуур сумын Х.Эрдэнэгэрэлийн хул, айрагт Баянгол сумын Цогтгэрэлийн хүрэн, Сүхбаатарын Б.Раднаадоржийн хээр, Сүхбаатар сумын Алтангэрэлийн хонгор хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Харин энэ жилийн наадмын баян ходоод, ирэх жилийн түрүү магнайгаар Сүхбаатар сумын н.Бат-Эрдэнийн бор даага тодорлоо.
 
 
Баяр наадмын төв талбайд хуран цугласан олныг баясгасан, уухайлуулсан хамгийн үзүүштэй, сонирхолтой, наадамчин олны нүдийг хужирласан уралдааны нэг бол яах аргагүй жороо морьдын уралдаан. Жороо морьдын уралдааныг Зүүнбүрэн сумын С.Жаргалтулгын хар тэргүүлж, Сүхбаатар сумын н.Энхтөрийн халзан, Алтанбулагийн Чойнхорын хар тус тус удаалан, усан тэлмэн явлаараа үзэгч олноо баясгалаа.
 
 
Ийнхүү энэ жилийн аймгийн баяр наадам таван хан уулынхаа нөмөр, Орхон, Сэлэнгийнхээ хөвөөнөө дэлгэр сайхан болж өндөрлөлөө.