Шагналын хур үерлэсэн баярын өдөр
Тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмаар шагналын хур үер мэт буулаа.
 
 
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар төр шагналаа харамгүй хайрлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, одон, медалийг Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат нар гардуулан өглөө. Баярын энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хушаат сумын “Өгөөж мандал-Уул” ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн, Сүхбаатар сумын иргэн, Чөлөөт уран бүтээлч Н.Сүхдорж, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Зоригтбаатар, “Алтан гадас” одонгоор Мандал сумын Түнхэл тосгоны иргэн Л.Алтанцэцэг, Сүхбаатар сумын ахмад настан Б.Баатаржав, Орхонтуул сумын “Агро шим” ХХК-ийн комбайнч Я.Баасанжав, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Б.Баттөр, Баруунбүрэн сумын ахмад настан Ж.Бүтэдмаа, АДБ-ийн “Сэлэнгийн Долгио” чуулгын хөгжимчин Д.Тунгалаг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЭМТ-ийн эрхлэгч Г.Алтанцэцэг, аймгийн НДХ-ийн хяналтын байцаагч Ч.Амаржаргал, Мандал сумын Түнхэл тосгоны халамжийн ажилтан Б.Амарзаяа, Баянгол сумын малчин Ц.Булган нарын 70 гаруй хүнийг шагналаа. Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр түүхт, эрдэмтэн, зохиолч Ө.Бавууг тодруулан шагналаа.
 
Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.
 
 
Зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж:-”Өнөөдөр Үндэсний их баяр наадмын энэ өдрөөр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, төрийнхөө хишгийг хүртэж байгаадаа их баяртай байна. Энэ бол миний 30 гаруй жил боловсролын байгууллагад ажилласан, мөн туурвьсан уран бүтээлийн минь шагнал гэж бодож байна. Энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байна. Олон улсын киноны их наадмаас “Алтан өд”, “Гэгээн муза” наадмаас шагнал хүртсэн. Миний хувьд 30 гаруй жил боловсролын байгууллагад ажилласан. Боловсрол, соёл, урлаг, уран сайханд өөрийнхөө бүхий л амьдрал, уран бүтээлээ зориулж ирсэн. Ер нь манай төр, ард түмэн бол өөрийнхөө өгье гэсэн хүндээ шагналаа өгдөг юм байна. Үнэнч шударгаар хөдөлмөрлөвөл төр үнэлдэг юм байна гэж бодоод баяртай зогсож байна”.
 
 
Аймгийн МХГ-ын улсын ахлах байцаагч Г.Төртогтох:-”Баярын энэ өдөр төр засгийнхаа энэ их өндөр шагналыг хүртсэндээ баяртай байна. Энэ бол манай хамт олныг үнэлсэн шагнал гэж бодож байна. Манай аймаг бол уул уурхай ихтэй. Үндсэндээ алт олборлолтын 40-50 хувийг Сэлэнгэ аймгаас авдаг. Уул уурхайн нөхөн сэргээлт хийх ажил ажил манай аймагт маш эрчимтэй явагдсан. “Байгаль орчин, уул уурхай, нөхөн сэргээлт” гэсэн төсөл манай аймагт маш сайн хэрэгжсэн. Энэ төслийн үр дүнд геологийн мөчлөг хувь хэмжээ нэмэгдэж ирсэн. Хүн газар ухаж баялгаа хүртлээ гэхэд байгалиа нөхөн сэргээх нь чухал юмаа гэдгийг ойлгож, төдий чинээ нөхөн сэргээлтийг хийж ирсэн. Энэ бол манай аймгийн хамгийн гаргасан гол амжилт. Үүнд миний хувь нэмэр, оролцоо бага зэрэг бий. Ингээд Сэлэнгэ түмэндээ, хамт олондоо, мэргэжил нэгт нөхөддөө ажлын амжилт хүсэж, сайхан наадаарай гэж хэлье”.