Шаамар сумын ЗДТГ “Багийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулжээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ-аас 2015 оныг “Хамтарч шийдье-Хөгжин дэвшье” хэмээн зарласан байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд сумын ЗДТГ-аас алслагдсан баг, тосгод болох “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвсгэр 49, 34-р тоочиг, “Охиндий” 2-р багийн “Нарсан сүүл”-ын нутаг дэвсгэрт орших иргэд, малчид, тариаланчдадаа хүрч төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэн үйлчлэх зорилгоор “Багийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулжээ. 
 
Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан тус өдөрлөгийн үеэр хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сур харваа, уран хагалгаа, хонь хяргалт, адуучин, гар бөмбөгийн тэмцээнүүдийг иргэдийн дунд явуулсан байна. Энэхүү үйл ажиллагаагаараа иргэдэд төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлж чадлаа хэмээн сумын Засаг дарга Б.Баярбат хэлсэн байна.
 
Энэ үеэр Иргэний болон эд хөрөнгийн, Газрын, Нийгмийн даатгалын, Цагдаагийн, Байгаль орчин, хяналтын, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг үзүүлэхийн зэрэгцээ соёл урлаг, спортын үйл ажиллагаанууд явагджээ. Мөн өдөрлөгт оролцогч иргэдэд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Ахмадын урлагийн наадам”-ын шагналтнууд тоглолтоо сонирхуулсан байна.