Амарбаясгалант хийдийн хамба лам М.Лувсанмолом:
Амарбаясгалант хийдийн хамба лам М.Лувсанмолом:
 
 
АЛИВАА ЗҮЙЛИЙГ АРВИТГАХ, ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУХАЙД ЭНЭХҮҮ БУМБЫГ ТАХИДАГ
 
 
Гонгорын бумбаны тахилга арга хэмжээ өргөн дэлгэр болж байна. Энэ тахилгыг ямар учраас хийдэг вэ?
 
Гонгорын бумбыг манай Амарбаясгалант хийд дээр 22 дахь жилдээ тахиж байна. Гонгорын бумбыг тахиж шүтсэнээр ямарваа нэг харшлах зүйл тухайн айлд байхгүй. Гонгорын бумбыг жилдээ нэг удаа заавал тахиулах шаардлагатай. Гонгорын бумбаа бүсэлхийнээс дээш, хазайлгалгүй, доош нь харуулалгүй авч явах ёстой.
 
Гонгорын бумбыг тахин шүтсэнээр ямар ач тустай вэ гэхээр тухайн айлд заяа буян дэлгэрэх, нас нэмэх, мал арвижих, орон нутагтаа мөн ялгаагүй бороо хур дэлгэрэх, өвөлдөө зудгүй, зундаа ган гачиггүй байхын үүднээс тахиж шүтдэг. Манай хийд 1993 оноос эхэлж тахисан. Тухайн үедээ 10 гаруйхан бумба бүтээж байсан байдаг. Гүрдавааренбүчи монголд ээлээ өгнө өө гэж бүтээж эхэлсэн. Энэ 22 жилийн хугацаанд ямархуу хэмжээнд дэлгэрч түгж байгааг түмэн маань тольдон харж байгаа байх. Одоогийн байдлаар 1 түм орчим бумба Амарбаясгалант хийд дээр цуглаж, тахилгаа хийлгэдэг болоод байна.
 
 
 
Бумбаны тахилга дээр ирсэн хүмүүс бумбаа 3 жил тахиулах ёстой гэж ярьдаг. Эсвэл жил бүр тахиулаад л байх ёстой юу?
 
1993 оноос өнөөдрийг хүртэл тахиулж байгаа хүмүүс ч байна. Андуу ташаа мэдээллээс болоод 3 жил тахиулчихаад завсарлаж байгаа хүмүүс ч байна. Уг нь жил бүр тахиулах ёстой юм. Амарбаясгалант хийдийн тахилга жилд 6-р сард, 8-р сард хоёр удаа болдог. Энэ хоёр тахилга бол ялгаа байхгүй ижилхэн тахилга. 8-р сарын тахилга ингэж дэлгэр болоод байгаа нь хүмүүсийн амралттай холбоотой байх гэж бид харж байгаа. Сүсэгтэн олондоо хандаж хэлэхэд 6-р сарынхаа тахилгад ирээд оролцвол 8-р сард хүмүүсийн хүрэлцээ багтаамж сийрэгжиж өгөх учиртайг хэлмээр байна. Гонгорын бумбыг залж авчирсан хойноо зохион байгуулж байгаа орон нутаг, цагдаа, Амарбаясгалант хийдийн захиргааны сануулгыг маш сайн дагаж мөрдөн, мэдээлэл сайтай байж хурал номдоо оролцох юм бол тухайн сүсэгтэн олны хийсэн буян төгс болох юм байгаам шүү гэдгийг сүсэгтэн олондоо хэлмээр байна.
 
 
Энэ удаагийн Гонгорын бумбаны тахилгын хуралд гадаадаас лам нар ирсэн харагдаж байна?
 
Тиймээ. Энэтхэгээс манай хийдтэй харилцаа холбоотой байдаг лам нараас ирсэн байгаа.
 
Хүмүүс хүнээр бумбаа дайж явуулаад байна л даа. Ингэж болох уу?
 
Өнөө үеийн нийгэмд хүмүүс маань маш их хөдөлмөрлөж байна. Үнэхээр ажил цаг зав нь болохгүй байгаа тохиолдолд итгэлтэй сайн хамаатан садны хүмүүсээрээ дайгаад тахилгаа хийлгэчихэж байгаа тохиолдол байгаа. Ингэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Болно.
 
Энэ жил Амарбаясгалан хийд дээр өөр ямар томоохон хурал номын зан үйл болох вэ?
 
6-р сар, 8-р сарын тахилга маань боллоо. Зуны сардаа манайд майдар эргэх гэж зан үйл байдаг. Манай хийд 2002 оноос өнөөдрийг хүртэл цам гарсаар ирсэн. Цам маань бурхны шашны зан үйлийг, бурхны дүрийг олон түмэн, сүсэгтнүүддээ таниулах зорилготой зан үйл. Энэ жил энэ зан үйл маань 9-р сарын 12-нд болох тул сүсэгтэн олноо Амарбаясгалант хийд дээрээ морилоорой гэж урих байна.
 
Хийдийн орчим маш сайхан ногоон байна?
 
Хийд дээр 10 гаруй жил ирж байгаа сүсэгтэн олон маань таньж мэдэж байгаа. Бороо дандаа ордог. Сая их хэмжээний бороо орж сүсэгтэн олон маань ирэхэд жаахан хүндрэлтэй болсон хэдий ч хурлын эхний өдөр сайхан нар гарч, газар ивэрч, зам ямар ч саадгүй болсон харагдаж байна. Бороо хур ингэж тэгширдэг нь бумбатай холбоотой байх гэж бид өөрсдөө боддог. Учир нь аливаа зүйлийг арвитгах, дэлгэрүүлэхийн тухайд энэхүү бумбыг тахидаг учраас бороо хур ч ялгаагүй арвитдаг боловуу гэж бид нар боддог.
 
Хийдийн ойр орчны уулан дээр тарниуд байна. Энэ юу гэсэн утгатай бичиг үсэг байна вэ?
 
Энэ уулан дээр байгаа тарни бол язгуурын гурван бурхны зүрхэн тарни байгаа. Очирваань, Манзушир, Жанрайсаг гэсэн гурван бурхны зүрхэн тарни юм. Энэхүү гурван бурхан маань их нигүүлсэнгүй их нирвааныг билэгддэг. Энэ бол сүсэгтэн олон харах төдийд буян хураадаг ийм хүчтэй тарниуд. Иймээс уулан дээр хүний нүдэнд маш эл газар байрлуулж залсан байгаа.
 
Сүсэгтэн олондоо хандаж ерөөлөө хайрлана уу?
 
Нийт сүсэгтэн олны маань арван цагаан буян нь арван зүгтээ дэлгэрч, үүрдийн үүрд, үеийн үед буян тань дэлгэрч байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.