Манай аймгийн баялаг бүтээгчид 500 сая төгрөгийн борлуулалт хийлээ
Өрх гэрийн сайн сайхан амьдрахын эх үүсвэр нь ажил үйлс, өсөх ирээдүйтэй, хөгжин дэвжиж буй үйлдвэрлэл, үйлчилгээ юм. Жижиг дунд бизнес эрхлэн амьдрал ахуйгаа өөд татаж, аймаг орон нутагтаа тус нэмрээ түгээн ажиллаж байгаа олон арван бүтээлч иргэд та бидний дунд бий. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг эдгээр иргэдээ дэмжиж, бизнес эрхлэх таатай боломжийг нь бүрдүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, шинэ зах зээл олж өгөхөд бодлогоор дэмжин ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд Амарбаясгалант хийд дээр жил бүр болдог уламжлалт “Гонгорын бумбаны тахилга”-ын үеэр анх удаа “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгчидээ, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчиллаа.
 
Үзэсгэлэн худалдааг нээж Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ:-Манай аймгийн нутаг дэвсгэр дээр байрладаг Монгол түмний сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн энергийн төв болсон Амрбаясгалант хийд дээр 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл нас уртасгаж, буян арвитгадаг, амьдралын сайн сайхан, ашдын билэгт цаглашгүй ихийг бүтээх нигууртай гэж сүсэгтэн олын хүсэн хүлээж оролцдог “Бумбаны тахилга”-т сүсэгтэн олон маань хуран цуглаад байна. Энэ арга хэмжээг Амарбаясгалант хийд, сүсэгтэн олон, Баруунбүрэн сум зохион байгуулж ирсэн. Энэ жилээс эхэлж Сэлэнгэ аймаг энэхүү арга хэмжээг удирдаж, үүгээрээ шашин, монгол түүхийг та бүхэндээ дэлгэрүүлэх, оролцоог нь хангах, хол газраас хүрэлцэн ирсэн олондоо дэм тус болох талаас нь зохион байгуулахаар ажиллаж байна. Нөгөө талаасаа өргөн олон монголчуудынхаа хүнснийг бэлтгэдэг, ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмнийхээ хийж бүтээснийг ард иргэддээ хүргэх, сурталчлах зорилгоор “Сэлэнгэд үйлдвэрлэв” арга хэмжээтэй хамтарч зохион байгуулахаар эхлэлийг нь тавьж байна. Сэлэнгэ аймаг МУ-ын эдийн засагт сүүлийн жилүүдэд нөлөө бүхий оролцож байгаа. Сэлэнгэчүүд дангаараа МУ-д үйлдвэрлэж байгаа төмрийн хүдрийн 90 хувь, цемент шохойн 70 хувь, гурилын улаанбуудайн 55 хувь, спиртийн 65 хувийг үйлдвэрлэж байна. Мөн МУ-ын ургамлын тосны хэрэгцээг хангах томоохон үйлдвэрүүд ашиглалтанд орж байна. Төрдөө дэмжлэг болж, олон хүнийг ажлын байраар хангаж, өөрийгөө ивээн тэтгэж, амьдралаа сайхан авч яваа иргэд, хашаандаа өрхөөрөө бүтээж байгаа баялагийг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих, Сэлэнгийн энэ сайхан хөрсөнд ургасан амт шимттэй бүтээгдэхүүнийг олон түмэндээ хүргэх нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний багийн нэн чухал ажил юм. Энэ утгаараа бид бүхэн жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ирсэн сүсэгтэн олноо ая тухтай байлгахад олон талт ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэх болно. Хүрэлцэн ирсэн зочид та бүхэн Сэлэнгэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, ихээр бүтээсэн бараа бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллахаар бол гэрээ байгуулж ажиллахыг хүсье. Бидэнтэй МҮОНТВ, ETB-ийн баялаг бүтээгчдийг дэмжицгээе төслийн баг, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа тул сумдаас ирсэн үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ сайн танилцуулж, сурталчилаарай. Цаашид бид жил бүрийн тахилгын өдрүүдэд Сэлэнгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг та бүхэнд дэлгэн танилцуулж байх болно. Та бүхэн маань Сэлэнгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэн, үйлдвэрлэгчдийг маань дэмжээрэй” гэлээ.
 
 
Үзэсгэлэн худалдаанд манай аймгийн 17 сумын 169 аж ахуйн нэгж, иргэд 160 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй оролцож, 500 сая төгрөгний борлуулалтыг хийлээ.
 
Сэлэнгэ аймгийн ЗДТГазраас зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн худалдаа цаашид жил бүр тогтмол болох юм. Анхны жилдээ зохион байгуулсан үзэсгэлэнд сумд идэвхитэй сайн оролцож, ирсэн сүсэгтэн олон сэтгэл дүүрэн байлаа. Хүнсний тэр дундаа цагаан идээ, айраг, жимс жимсгэний дармал, талх, шийгуа зэрэг бүтээгдэхүүн өргөнөөр борлуулагдаж, гутал, кашмер хувцас, барилгын материал, зөгийн гаралтай бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг сүсэгтэн олон таашаан хүлээн авч эргэх холбоо тогтоон ажиллахаар сонирхож байв.
 
Тус арга хэмжээний хүрээнд анх удаа Амарбаясгалант хийд болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ “ЛЕД” дэлгэц ажиллуулж, аймаг орон нутгийнхаа тухай, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидээ, соёл урлагийн байгууллага, хүүхэд багачуудынхаа тоглолт, аймгаас зохион байгуулсан онцлох арга хэмжээний тухай, сумдын танилцуулга зэрэг олон төрлийн нэвтрүүлгийг гаргаж, сурталчилан таниуллаа. Мөн Баруунбүрэн сумын авъяаслаг хүүхдүүд, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг хуран цугласан олон сэтгэл дүүрэн халуун алга ташилтан дор хүлээн авч үзэж сонирхлоо.