Агь ганга, адууны үнэртэй “Уяачдын баяр наадам”
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн “Буган Халиун Ажнай” Морин спорт уяачдын холбоо хамтран энэ жил анх удаа Уяачдын баяр наадмаа салхи, ногоо үнэртсэн Шаамарын хээр талд нийт Сэлэнгэ түмэнтэйгээ сэтгэл тэнийм тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж оролцож уяачиддаа хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын хүрээнд 3 насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сайхан морь, морины эдлэл хэрэглэл шалгаруулах уралдаан тэмцээнүүд боллоо.
 
Уяачдын холбооны тэргүүн, нарийн бичиг нарын дунд зохион байгуулсан сурын харвааны тэмцээнд Орхон сумын уяачдын холбооны тэргүүн Л.Баярхүү түрүүлж, Бугант тосгоны уяачдын холбооны тэргүүн Бямбадорж, Шаамар сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Отгонбаатар удаалав. Шилдэг цоллооч шалгаруулах тэмцээний тэргүүн байранд Түшиг сумын морь цоллооч Б.Хүрэлбаатар, Түшиг сумын Мөнххүлэг, Баруунбүрэн сумын уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Ган-Эрдэнэ нар шалгарлаа.
 
Уяачдын баяр наадмын хурдан их насны морьдын уралдааны түрүү магнайд Мандал сумын С.Бат-Очирын хээр хурдалж, Баруунбүрэн сумын А.Гантогтохын саарал, Сант сумын Д.Дэлгэрсуурийн хүрэн, Баруунбүрэн сумын Н.Эрдэнэцогтын хул, Сүхбаатар сумын Г.Бямбаагийн шарга айрагдлаа. Хурдан соёолонгийн түрүү магнайд Зүүнбүрэн сумын Сүхбаатарын сартай хүрэн, Сант сумын Жаргалцогтын хул, Орхон сумын Мөнхтөрийн зээрд, Сүхбаатар сумын Ш.Оргилын хээр, Хүдэр сумын Б.Гантөгсийн саарал, өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд Сүхбаатар сумын С.Алтансүхийн хар, Баянгол сумын Н.Эрдэнэцогтын хүрэн, Сүхбаатар сумын Ц.Энхболдын хар саарал, Баруунбүрэн Э.Ариунболдын хээр, хонгор халзан айргийн тавд хурдаллаа.
 
 

Морь сонирхогч, моринд хайртай монгол хүний сэтгэлийг хөдөлгөж бас баясгаж омогших сэтгэлийг төрүүлсэн уяачдын баярын “Сайхан хос морьд”-оор Мандал сумын уяач А.Октябрь, Байгалмаа нарын хонгор халзан, Мандал сумын Б.Хүрэлбаатар, Н.Цагаанчулуун нарын хар алаг, Зүүнбүрэн сумын уяач Д.Цагаанхүү, Ц.Байгаль нарын хээр, “Сайхан морь”-оор Баянгол сумын Л.Өлзийсайханы буурал, Мандал сумын А.Октябрийн хар алаг, Зүүнбүрэн сумын П.Чинбаатарын хүрэн халзан, “Сайхан хазаар”-аарМандал сумын уяач Хүрэлбаатар, Баянгол сумын уяач Өлзийням, Зүүнбүрэн сумын уяач Чинбаатар нарын хазаар, “Сайхан эмээл”-ээр Мандал сумын Бат-Өлзий, Баянгол сумын Өлзийсайхан, Сүхбаатар сумын Өсөхбаяр нарын эмээл, “Сайхан ташуур”-аар Сүхбаатар сумын Мөнхтөр, Мандал сумын Дөлгөөн, Сүхбаатар сумын Ганбаатар нарын ташуур шалгарч түмэн олны нүд сэтгэлийг баясгав.

Шандаст хурдан хүлгүүдээ иж бүрнээр нь гоёж баяр наадамдаа оролцсон эзэн уяач, наадамчдын дунд зохион байгуулагдсан “Сайхан хөөрөг” шалгаруулах уралдаанд Сүхбаатар сумын Эрдэнэгэрэлийн хаш, Сүхбаатар сумын Ганбаатарын Чүнчигноров, Мандал сумын Бат-Очирын манан хөөрөг шалгарлаа.

Анх удаа зохион байгуулагдаж байгаа уяачдын баяр наадамдаа баг хамт олон, уяачдаа эв нэгдэл сайтай, зохион байгуулалттай авчирсан шилдэг оролцогч уяачдын холбоогоор Баянгол сумын “Хүлэг” морин спорт уяачдын холбоо, Мандал сумын “Мандал-Хүлэг” морин спорт уяачдын холбоо тус бүр шалгарч шагналаа гардлаа.

Уяачдын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын баяр наадамд 2 удаа 4 давж байсан Булган аймгийн хүчит арслан Отгонбаатар, Ховд аймгийн арслан Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн арслан Д.Баярбаатар, аймгийн заан Э.Саранбаатар, Д.Эрдэнэбаяр тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас аймгийн заан Д.Эрдэнэбаяр түрүүлж, аймгийн арслан Д.Баярбаатар үзүүрлэлээ.

Ийнхүү салхи сэнгэнэж, зүлэг ногооны үнэр ханхийсэн хуртай зуны нэгэн өдрийг морины хөлс, морьтон олны жавхаанд Сэлэнгэ нутгийн моринд хайртай зон олон өнгөрөөлөө.