9 сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
9 сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
 
 
Агаарын температурын сарын дундаж 9-14 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим бaйнa.
 
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд нь шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
 
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дунджийн орчим байна.
 
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, уулаараа хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх сумдын нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй.
 
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
 
 
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
 
 
9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, хур тунадас мөн олон жилийн дунджийн орчим орно.
 
Одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 60 гаруй хувьд сайн, 30 орчим хувьд гандуу, 10 орчим хувьд гантай байна.
 
9 дүгээр сард ихэнх нутгаар бага зэрэг дулаан, хур тунадас багавтар орохоор байгаа нь ургац хураах болон хадлан тэжээл бэлтгэх ажилд таатай нөлөөлөхөөр байна.
 
 
ГОЛ МӨРНИЙ УРСАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
 
9 дүгээр сард ихэнх гол мөрний усны түвшин сарын эхнээс аажмаар буурах бөгөөд Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөн Хөвсгөлийн уулс, Хэнтэй нуруу, Хангай нурууны араас эх авсан гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага, харин Монгол Алтай нуруу, Хангай нурууны өврөөс эх авсан голуудын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Тухайлбал, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Хангай нурууны өмнө хажуугаас эх авах Чигэстэй, Богд, Завхан, Түй, Зүйл, Заг, Онги, Таац, Хэнтэй нурууны баруун хажуугаас эх авах Хараа, Ерөө голуудын усны түвшин сарын турш огцом өөрчлөгдөхгүй бөгөөд олон жилийн дунджаас 10-50 см бага байх ба сарын эхнээс аажим буурах хандлагатай байна. Харин Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Хэнтэй нурууны зүүн хажуугаас эх авсан Онон голын усны түвшин сарын эхний арав хоногийн эх ба дунд үеэр өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэх төлөвтэй байна.
 
Зарим томоохон гол мөрний 9 дүгээр сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.