Сэлэнгэ аймаг боксын спорт цогцолбортой болно
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, тэргүүн дэд ерөнхийлөгч н.Чойжоо, шилдэг шүүгч, гавъяат дасгалжуулагч н.Баясгалан нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Аймгийн дарга дээрх хүмүүстэй Сэлэнгэ аймаг, МБХолбоо, “Улаан ирвис” клуб хамтран Гүннуурт спорт цогболбор барих асуудлаар ярилцаж тохиролцсоноор ирэх хавар манай аймагт иж бүрэн цогболбор баригдах гэж байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн боксын спортын баталгааг хангаж байгаа онцгой ач холбогдолтой үйл явц юм. Спорт цогцолбор баригдсанаар Монгол, Орос, Хятадын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийгдэх орчин нөхцөл бүрдэх ажээ.
 
Сэлэнгэ аймгийн “Улаан ирвис” клуб байгуулагдаад 10 жил болох хугацаандаа 6 удаа улсын аварга болсон амжилтыг үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд улсад эхний 3 байраас мултраагүй клуб юм. Давхардсан тоогоор 46 улсын аваргыг төрүүлжээ. Азаас 8 медаль хүртсэн бол, оюутны дэлхийн аварга, олон улсын тэмцээнээс тэдний амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тиймээс ч Сэлэнгэ аймгийн боксын спорт улсдаа нэр хүндтэй, хамгийн хүчтэй өрсөдөгчид байсаар байгаа. Одоогийн хамгийн гол зорилго бол олимп, дэлхийн аваргаас медаль авах хэмээн “Улаан ирвис” клубын дасгалжуулагч, боксын спортын мастер Г.Ганхуяг хэллээ.