СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД
 
 
Амарбаясгалант хийд дээр жил бүр уламжлал болон явагддаг “Гонгорын бумбаны тахилга” арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үзүүлж таниулах, сурталчлах, худалдааны түшнлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас анх удаа амжилттай зохион байгууллаа. “Сэлэнгэд үйдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчдийн төлөөллөөс энэ удаа танилцуулж байна.
 
 
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын өрхийн үйлдвэрлэгч Л.Тунгалаг:
 
Би жил бүр бумбаны баярт ирдэг. Энэ жил ингэж өрхийн үйлдвэрлэгчидээ дэмжин үзэсгэлэн хупдалдаа зохион байгуулж байгаад баяртай байна. Хувиараа зөгийн балаа авчираад борлуулалт хийдэг. Ийм сайхан арга хэмжээг аймгаас зохион байгуулсан болохоор хамаг юмаа ачаад зорьж ирлээ. Сумаараа ирсэн. Хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс маань ирчихээд борлуулалтаа хийгээд зогсож байна. Манайх 1 га газартай. Тэндээ нарийн ногоогоо таридаг. Хашаандаа хүлэмжтэй. Хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лоолио тарьдаг. Хашаандаа бас жимсний модтой. Тэндээсээ 460-470 л чацаргана, 20 гаруй л улаалзганаа авчихдаг. 4 жилийн өмнө сум хөгжүүлэх сангаасаа төсөл бичиж зөгий аваад маллаж байна. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглээ хийх дуртай. Улаалзгана гэхэд жимсээр нь, сиропоор нь хийчихсэн байна. Аймаг, сумаас зохион байгуулдаг бүх үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээрээ оролцдог. Иймэрхүү арга хэмжээнд оролцоход сум орон нутаг сайн дэмждэг. Боломжтой үедээ бидний шатахуун техникийг гаргаад өгнө. Зарим үед бид биеэ даагаад ирнэ. Бид өөрсдөө бизнес хийгээд явж байгаа хүмүүс учраас тэр бүр сумаас юм бүхнийг нэхээд байж болохгүй шүү дээ. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна. Жишээлэхэд би 40 гаруй сархиагтай балтай ирсэн. Хэдхэн цагийн дотор 20 хүрэхгүй нь үлдэж байна. Энэ балаа 4000-8000 төгрөгийн хооронд борлуулж байна. Дотроо үхсэн зөгийтэй, авгалдайтай, зөгийний цуглуулдаг бүх юм энэ дотор байдаг. Үүнийг улаан хоолойн өвчинд ашигладаг юм. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Зажилж хаядаг. Бас гишүүгэнэ байна. Хүний биед маш их хэрэгтэй. Хавдарт, сахарын өвчтэй хүний сахарын хэмжээг бууруулах ашиг тустай. Энэ мэтээр хүний амьдралд хэрэглэж болох бүхнийг л хэрэгжүүлэх гээд зориод явж байна.Манайх бас вакум цонхны үйлдвэртэй. Энд хаалга, цонх хийгээд авчирсан байгаа. Өрх гэр бүлээрээ энэ бизнесээ явуулдаг.
 
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ногоочин Т.Цэрэнпил:
 
 
Манайх шийгуаг 6 жил тарьж байна. Энэ жилийн хувьд шийгуа маш сайн ургасан. Цаг агаар дулаанхан байлаа. Шийгуа өдийд бараг болдоггүй. Энэ жил эрт болчихоод байна. Манайх шийгуагаа түлхүү, 7-8 төрлийн ногоог хольж тарьдаг. Энэ жил шийгуагаа 30 сотод тарьсан. Борлуулалтаа нийслэл Улаанбаатар хот орж үзэсгэлэн худалдаагаар хийдэг. Сүүлийн 7-8 жил тогтмол ингэж зогсож байна. Одоо эндээс очоод хотруу явна. Хотод шийгуа сайн зарагддаг. Өрхийн амьжиргаагаа бид нар энэ бизнесээрээ л дээшлүүлж байна. Амьдрал ахуйгаа дээшлүүлээд, оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд болж л байна. Ногоо ашигтай. Бидэнд ашгаа өгч байна. Би 2008 оноос хойш ногоо тарьсан. 1 кг шийгуаг 2500 төгрөгөөр зарж байна. Ийм сайхан арга хэмжээг зохион байгуулсан аймшгийнхандаа баярлаж байгаагаа илэрхийлье.
 
Баянгол сумын “Майнд тэч” нэрийн дэлгүүрийн худалдагч Л.Болормаа:

Манай энэ тос бол “Майнд тэч” компаний анхны бүтээгдэхүүн. 2015 оны 6-р сараас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Энэ тос маань Германы технологиор үйлдвэрлэгдсэн. Герман чанар гэсэн үг. Элдэв гаж үнэр, амт байхгүй. Бусад тосыг бодвол харьцангуй тослог сайтай. Хүмүүс маш их сонирхож байна. Манай сумынхан бүр хэрэглээд сурчихсан. Манайх сумандаа нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулж байгаа. Энэ дэлгүүрээрээ тосоо, тосны шавхдаснаас гаргаж авсан малын тэжээлээ борлуулж байгаа. Борлуулалт сайн байгаа. Хотод байнгын борлуулж байгаа. Герман тос манай улсад орж ирэхдээ үнэтэй орж ирдэг болохоор ижил технологиор хийгдэж байгаа манай тосонд хэрэглэгчид маш ам сайтай байгаа. Сэлэнгэ аймгийн удирдлагаас өөрийн аймгийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүсээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь сурталчилж, борлуулалтанд нь анхаарч энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна. Манай тос, тэжээл аль аль нь хүмүүсийн анхаарлын төвд байна. Тэжээл 40 кг-аар савлагдсан, 22000 төгрөгийн үнэтэй. Малын мах, сүүний гарцыг нэмэгдүүлдэг сайн чанарын тэжээл. Ургамлын тос маань 3000 төгрөгөөр борлуулагддаг. Манай нэг гол давуу тал бол Сэлэнгэ нутгийнхаа хөрсөнд ургасан рапсыг өөрийнхөө үйлдвэрт боловсруулдаг явдал юм.
 
Мандал сумын “Зүүнхараа кашмер” нөхөрлөлийн дарга Б.Нарангарав:
 
 

Аймгаас зохион байгуулж байгаа энэ сайхан үзэсгэлэнд Мандал сумаас кашмеран бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ арга хэмжээ маш зохион байгуулалт сайтай, сайхан үйл ажиллагаа болж байна. Сэтгэл маш өндөр байна. Манайх сүлжмэлэн үйлдвэрлэлийг 2013 оноос эхлээд үйлдвэрлэж байгаа. Өөрийн сум болон зэргэлдээ сумынхаа иргэдэд үйлчилдэг. Үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээ, загвараар бүтээгдэхүүнээ гаргадаг. Өнөөдрийн үзэсгэлэнд ихэвчлэн хонины ноосон эрэгтэй эмэгтэй хослол, цамц, хүүхдийн цамц гээд нилээдгүй олон төрлийн бүтээгдэхүүнтэй ирлээ. Манай эрэлт хэрэгцээ маш өндөр, үйлчлүүлэгч нар маань ч сэтгэл хангалуун байдаг. Манайх Зүүнхараа хотынхоо 2014 оны шилдэг жижиг дунд үйлдвэрлэгчээр шалгарсан. Захиалга ихтэй байдаг болохоор Сэлэнгэ аймгийнхаа сумдаар борлуулалтаа хийж байна. Үнэ өртөгийн хувьд ч Улаанбаатар болон Дархан хотыг бодвол харьцангуй хямд үнээр борлуулдаг. Зүүнхараадаа манайх сүлжмэлийн жижиг үйлдвэртэй. Тэндээ бүтэгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манайх 50-60 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүмүүсийн хүссэн загварыг хүссэн хэмжээгээр нь хийдэг. Борлуулалт өндөр, захиалга ихтэй байдаг загвар бол задгай, цахилгаантай хувцаснууд.

 

Мандал сумын өрхийн үйлдвэрлэгч Б.Бат-Эрдэнэ:

 

Манай гутлын цех 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хром, яалуу бакал, өвлийн эрэгтэй эмэгтэй гутал, хавар, намрын эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутал үйлдвэрлэдэг. Бүх төрлөөр хийж байна. 2010 онд Сэлэнгэ түншлэл үзэсгэлэн худалдааны шилдэг арьс ширэн гутлаар шалгарч байсан. Сэтгэл их өндөр байна. Үзэсгэлэн худалдаа гэдэг маань эргээд бидэнд үр өгөөжөө сайн өгдөг. Олон хүнд бүтээгдэхүүн маань хүрч, танигддаг. Захиалга тодорхой хэмжээгээр өсдөг. Бид 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Хүүхдийн гутал 35000-с дээш, хром бүх размер нь 200,000, яалуу бакал 120,000 төгрөгөөр борлуулагддаг. Улаанбаатар хотын Санде төвд хүүхдийн гутлаа нийлүүлдэг. Мөн Завхан, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудаар борлуулалтаа хийж байна. Манайх голдуу өвлийн гутал үйлдвэрлэдэг.

 

Мандал сумын “Чансаатай гутал” үйлдвэрийн менежер З.Эрдэнэбаяр:

 

Манай чансаатай гутлын үйлдвэр маань бүх төрлийн гутал үйлдвэрлэдэг. Бүх гутлан дээрээ “Зүүнхараад үйлдвэрлэв” гэсэн бичигтэй. Манай цех 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай гутлын онцлог бол чийг татахгүй, ширэн ултай, цэвэр арьсан эко гутал гэдгээрээ давуу талтай. Борлуулалтын хувьд ажлын гутлаа ихэвчлэн байгууллагуудтай гэрээ хийгээд нийлүүлдэг. Захиалгат гутлыг үйлдвэр дээрээ хэмжээ загвараар нь хийдэг. Түүхий эдээ ОХУ-аас оруулж ирдэг. Хүүхдийн гутал 40,000-70,000, том хүний ботинк 90,000-120,000, хагас түрийтэй гутал 100,000-150,000, түрийтэй гутал 180,000-250,000, эмэгтэй гутал 180,000-200,000 төгрөгийн хооронд гардаг. Бүх хүний хүссэн размер, булчин хэмжээнд тааруулж гутлаа хийдэг. Ажлын израйлан гутал 90,000-100,000 төгрөгт борлуулагддаг.

 

Сүхбаатар сумын “Сэлэнгэ” годон гутал үйлдвэрийн борлуулалт хариуцсан менежер Ж.Баттогтох:

 

Өнөөдөр сэтгэгдэл маш өндөр байна. Сүхбаатар сумаас Баруунбүрэнгийн энэ сайхан нутагт ирээд үзэсгэлэн худалдаанд оролцож, гутлаа таниулж байгаадаа туйлын баяртай байна. Зохион байгуулагч аймаг орон нутагтаа талархаж байна. Манай “Сэлэнгэ” годон гутал үүсэн байгуулагдаад 7 жил болж байна. Манай гутал орос гутлаасаа давуу чанар нь гэвэл түрий нь унадаггүй. Арьс, ноосоо гэмтээх нь маш бага байдаг. Оросоос гутлынхаа түүхий эдийг оруулж ирдэг. Хийж байгаа хүн нь л монгол болохоос биш яг л орос гуталтай ижил хийгддэг. Орос стандарт гутал өнөөдөр 450,000 төгрөгөөр зарагдаж байна. Монгол годон гутал маань 380,000-280,000 борлуулагдаж байна. Монгол годон гутал монгол бугын арьсаар хийгддэг. Манайх өөрийн годон гутлаараа Сэлэнгэдээ төдийгүй монголд брэнд болж чадаж байгаа. Манай гутал борлуулалт сайтай байдаг.

 

Шаамар сумын ”Мон апи” компаний захирал, технологич Г.Энхтуяа:

Манай аймаг өнөөдөр Амабаясгалант хийд дээр “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Манайх Шаамар сумын зөгийн аж ахуйн компани. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаж байгаа. Эхлээд зөгийн аж ахуйг худалдаж аваад арчилж маллах үйл ажиллагаанд суралцсан. Дараа нь зөгийнөөс олдворлодог түүхий эдүүдийг ашиглан эрүүл мэндийг зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтэгдэхүүн хийхээр зориг шулуудан ажиллаад 21 нэр төрлийн бүтээгдэхүүн хийгээд байна. Энэ бүтээгдэхүүнүүд маань зүрх судасны өвчин, астам, ходоод дотрын өвчин, амьсгалын замын өвчин, ядаргаа гэх мэт олон төрлийн өвчинд зохицуулах үйлчилгээг үзүүлдэг. Монгол хүний бие организмд тохирсон монгол бүтээгдэхүүнийг манайх хийж үйлчилдэг. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Жишээлэхэд: Шидэт бэлдмэл гэж бэлдмэл байна. Энэ бэлдмэл олон төрлийн өвчин зовиурт хэрэглэгддэг, шууд мэдрэгддэг давуу талтай бүтээгдэхүүн. Энэ үзэсгэлэн худалдаанд 14 төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Бумбаны баярт газар газраас маш олон тооны хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст Сэлэнгэ аймагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг таниулж, сурталчилж өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Энэ бол үнэхээрийн зөв үйл ажиллагаа. Жил бүр ингэж явуулж байх нь хэрэгтэй юм байна гэж харж байна. Одоо энд Мөрөөдлийн ханд гэж нойрны хямралд уудаг бүтээгдэхүүн байна. Жимсэтэй, зөгий балтай дарс, винонууд байна. Ашигт ургамлыг ашиглан хийсэн халгайн жим гэж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг бүтээгдэхүүн байна. Чацарганы цэвэр тос байна. Гүзээлзгэнтэй зөгийн бал байна. Энэ бол элэг цөсөнд маш сайн. Цус төлжүүлдэг, төмөр дутагдлыг нөхдөг. Хүмүүс манай бүтээгдэхүүнд маш ам сайтай байдаг юм. Нэг хэрэглэсэн хүн тогтмол хэрэглээд хэвшчихсэн байдаг. Миний хуьд энэ бүх нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрөө зохион бүтээсэн. Оюуны өмчийн газраас миний эрх хамгаалагдсан байгаа. Цаашид дараа дараагийнхаа бүтээгдэхүүнийг гаргахаар маш өргөн хүрээний судалгааг эрдэмтэд, эмч нартай хийгээд явж байна.

 

Мандал сум өрхийн үйлдвэрлэгч Д.Цэрэндагва:

Миний хувьд чулуу, төмрөөр эд зүйлсийг урлаж хийдэг. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 3 төрлийн чулуугаар хийсэн хөөрөгтэй ирсэн. 10-аад жил гар урлалын үйдвэрлэлийг гэрээрээ хийж байна. Хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүнээ хийдэг. Газар газраас хүмүүс ирж үйлчлүүлдэг. Энд байгаа гурван хөөрөгний тухайд тариад мана 2 сая, гүйдэлтэй гартаам 2 сая, чүнчигнорв 650,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Нэг хөөргөө зарчихлаа. Хөрөөг хийх чулууг өөрөө ч олно, хүмүүс ч авирч өгнө. Энэ үйлдвэрлэлээрээ өрхийн амьдралаа авч явдаг. Энд бас битүүлгэний хийж авчирсан байгаа. Мод, төмрөөсөө хамаараад 250,000, 150,000, 65000 төгрөгөөр боруулагдаж байна.

 

Түшиг сумын өрхийн үйлдвэрлэгч О.Оюунцэцэг:

Бумбаны баярын үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна. Жил бүр 20-д нэр төрлийн эмийн ургамал түүж, цагаан идээгээ боловсруулан аймаг, орон нутгаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцдог. Зүрх өвс, аньсны навч, гишүүн, согоон сав, цээний үндэс, халгай, тарваган шийр, цагаан уул цэцэг, эгүүшин, адуун уруул гээд олон төрлийн эмийн ургамалыг авчирч 1000-2000 төгрөгөөр боруулж байна. Төрөл бүрийн жимсний чанамал, ааруултай ирлээ. Энэ жил гишүүн, нэрс, улаалзганаар чанамал хийж авчирсан. Өөрөө үнээгээ сагаад цагаан идээгээ хийдэг. “Ноёны хишиг” гэж нөхөрлөлтэй. Энэ нөхөрлөлийн хүмүүс маань ч тусалдаг. Цагаан идээгээ 10,000-13000, жимсний чанамалаа 4000-10000 борлуулж байна. 20-д шил жимстэй ирсэн эхний өдөртөө бараг дуусах гэж байна. Энэ маш зөв арга хэмжээ болж байна. Бидний хийсэн бүтээгдэхүүн, энэ эмийн ургамлууд олон түмэнд танигдаж, мэдэхгүй хүмүүс нь мэдэж авсан их сайхан үзэсгэлэн болж байна. Бидний амь амьжиргаанд ч бүтээгдэхүүнээ борлуулснаар нөлөөлж байна шүү дээ.

Түшиг сумын ХАА-н мэргэжилтэн Б.Оюу-Эрдэнэ:-Түшиг сумаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Үзэсгэлэнд хүнсний ногоо, жимсний чанамал, цагаан идээ, загас, зөгийн бал, эмийн ургамал, оёдол зэрэг нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнээр оролцож байна. Сүүн ааруул гэж манай шинэ бүтээгдэхүүн энд ирсэн байгаа. Мөн хайруус загасаар хийсэн ямар ч хольц байхгүй өөрөөр нь хийсэн ориг шопорот байна. Дармал мөөг гэж манай брэнд бүтээгдэхүүн болц нь болоогүй учраас энэ удаа оролцож амжсангүй. Намар оролцоно. Гишүүний чанамалыг хүмүүс их сонирхон авч байна.

 

Орхон сумын өрхийн үйлдвэрлэгч Г.Пүрэвсүрэн:

Нутгийнхаа орхон үүлдрийн хонины ноосоор хийсэн бүтээгдэхүүн, гоёлын хувцасаар энэ үзэсгэлэнд оролцож байна. Нарийн нарийвтар ноост Орхон хонины ноосыг аваад угаах, цэвэрлэх гээд бүх зүйл гар аргаар явагддаг. Энэ бүхний эцэст хамгийн сүүлд эдгээр бүтээгдэхүүнийг гаргаж авдаг. Хонины ноос нь манай суманд байдаг гэдгээрээ давуу талтай. Гаргасан бүтээгдэхүүнээ орон нутагтаа, үзэсгэлэн худалдаагаар, ойр орчны сумдаар борлуулдаг. Орхон хонины ноосоор төрөл бүрийн бойтог, даллаганы уут, машины бүрээс, олбогоос эхлээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, хувцас хийдэг. Нарийн ноосоор хийгдсэн бараа бүтээгдэхүүн 7000-40000 төгрөгийн хооронд борлуулагддаг. Мөн саяхнаас оёдлын бүтээгдэхүүн хийж эхлээд байна. Үзэсгэлэн худалдаа их олон давуу талтай байдаг. Бараа бүтээгдэхүүнээ танилуна. Захиалга авна. Сайхан арга хэмжээ болж байна. Цаашид ноосон бүтээгдэхүүн, оёдол хоёроо хамтатган өргөжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Одоо өрх гэрээрээ л ажиллаж байна.