“Соёл-эдийн засгийн өдөр” Алтанбулаг, Жавхлант сумдаар үргэлжиллээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг аймгийн төв Сүхбаатар хотын ард иргэдэд тухайн сумын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулж шинэ зах зээл олох боломжийг нээх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үндсэн зорилгын дор өнгөрөгч 2014 оноос эхлэн зохион байгуулж, Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Ерөө сумд амжилттай оролцсон. 2015 оны сумдын “Соёл-эдийн засгийн өдөр” аймгийн төв Сүхбаатар, Хүдэр сумдаар үргэлжилэн зохион байгуулагдсан бол 10-р сарын 15-ны өдөр Алтанбулаг, Жавхлант сумд сум орон нутаг, шинэ бараа бүтээгдэхүүн, алдартан гавъятан, урлаг соёлын тоглолтоо танилцуулан сурталчиллаа.
 
Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олон эргэх холбоо бий болгож байгаа билээ. Алтанбулаг, Жавхлант сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ард иргэд оролцлоо.
 
 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-“Сэлэнгэ аймгийн сумдууд аймаг дээрээ “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Энэ ажил Засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаа. Үндсэн гол санаа нь жижиг дунд үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийнхээ хийж бүтээснийг сурталчлан борлуулах, нөгөө талаас сум орон нутгийн ардын авъяастнууд, хүүхэд багачуудын авъяас чадварыг харуулсан урлагийн тоглолт болон бусад байгууллагуудыг танилцуулах юм. Ер нь бол тухайн суманд ямар бахархалт зүйл байна тэр бүгдийг үзүүлж харуулах ийм арга хэмжээ. Хамгийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргах. Өнөөдөр Алтанбулаг, Жавхлант сум өөрсдийгөө сурталчилж, ард иргэд маань бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч байна. Энэ арга хэмжээ 10-р сарын 29-ний өдөр Сайхан, Хушаат сумдаар үргэлжилнэ” гэв.

Жавхлант сумын Засаг дарга С.Нямсүрэн:-“Өнөөдөр аймгийн төвд зохион байгуулагдаж байгаа “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээнд манай малчид, тариаланчид, ногоочид, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтанууд, урлаг, спортын авъяастнууд гээд нийтдээ 120 гаруй хүн оролцож байна. Манай сум харьцангуй залуухан сум. Одоо 40 гаруй жил болж байгаа хэдий ч хийж бүтээсэн бүхнээ танилцуулахад таатай байна. Энэ хугацаанд манай сумаас МУ-ын Гавъяат механикжуулагч 1, улсын тэргүүний тариаланч хамт олон 3, улсын аварга тариаланч 10, улсын сайн малчин 5, усын харцага цолтон 1, аймгийн ажил мэргэжлийн аваргууд 20 гаруй төрөн гарсныг харахад Жавхлантчууд энэ хугацаанд ихийг бүтээж, улс орон даяар алдаршиж яваа нь харагдаж байгаа юм. 2015 онд л гэхэд манай сумаас улсын сайн малчин 2 төрөн гарлаа. Манай мал аж ахуйн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, эрчимжиж, хийж бүтээсэн ололт амжилт нь улсын хэмжээнд явж байгаа гэдэг нь эндээс харагдана. Өнөөдөр ч гэсэн энэ үзэсгэлэн худалдаанд манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэр төрөл олонтой, орчин үеийн зах зээлийн жишигт нийцсэн хэмжээнд бэлтгэгдэн савлагдаж борлуулагдаж байгаад таатай байна”.

Энэ өдөр хоёр сумын баялаг бүтээгчид хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, даршилсан ногоо, гар урлалын бүтээгдэхүүн, талх нарийн боов, жимсний болон модны суулгац өргөн сонголттойгоор худалдаалагдлаа.