Д.Оюунболд агсаны дурсгалын хөшөөний нээлтэд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн болно

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсаны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна. Уг арга хэмжээнд зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ны өдөр болох бөгөөд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцоно. Тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорих гэж байна.