30-аад жил тасраад байсан цэрэг спортын “Дөл” тэмцээн зохион байгуулагдлаа
Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аймгийн аварга шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн аваргад манай аймгийн ерөнхий боловсролын 33 сургуулиас шалгарсан 8 баг өрсөлдсөн.
 
“Дөл” тэмцээнийг хүүхэд багачуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, хүүхдүүд, эцэг эхчүүдийг иргэн хүнийхээ хувьд эх орноо хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээн нь аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд 1-р үе шат нь сургууль бүр дээр, 2-р үе шатыг сумдын бүсийн төв дээр зохион байгуулсан билээ. Ийнхүү бүсээсээ шалгарсан Алтанбулаг сумын Ринчений нэрэмжит ЕБС, Сүхбаатар сумын Спорт сургууль, Ерөө сумын ЕБС, Цагааннуур сумын ЕБС, Сайхан Мандал сумдын тус бүр 2 баг 3-р шатанд шалгарч аймгийн аваргын төлөө өрсөлдсөн юм.
 
Багууд гарааны өмнөх дасгалжуулагчийн тэмцээн, жагсаалын бэлтгэл, автоматын задаргаа угсаргаа, трасс 2,2 км-т дасгал гүйцэтгэх зэрэг төрлүүдээр өрсөлдсөнөөс 1-р байранд Алтанбулаг сумын Ринчений нэрэмжит ЕБС, 2-р байранд Цагааннуур сумын ЕБС, 3-р байранд Мандал сумын ЕБС тус тус шалгарав.
 
Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь 1980-аад оны сүүл хүртэл зохион байгуулагдаж байгаад тасарсан байсан бол ийнхүү 30-аад жилийн дараа эргэн сэргэж амжилттайгаар зохион байгуулагдлаа.