Сүхбаатар, Хүдэр сумд “Соёл-эдийн засгийн өдөр”-өө тэмдэглэв
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг аймгийн төв Сүхбаатар хотын ард иргэдэд тухайн сумын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулж шинэ зах зээл олох боломжийг нээх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ урамшуудах үндсэн зорилгын дор өнгөрөгч 2014 оноос эхлэн зохион бйгуулж байгаа. Өнгөрсөн онд Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Ерөө гэсэн 6 сумын “Соёл-эдийн засгийн өдөр” аймгийн төвд амжилттай зохион байгуулагдсан. 2015 оны сумдын “Соёл-эдийн засгийн өдөр” Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар болон байгалийн үзэсгэлэн төгөлдөр Хүдэр сумдаар үргэлжиллээ.
 
 
 
Энэхүү арга хэмжээг өөрийн сум орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулах, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, шинэ зах зээл олж, эргэх холбоо бий зорилгоор зохион байгуулж байна. Сүхбаатар, Хүдэр сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, ард иргэд оролцлоо.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”... 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Сүхбаатар, Хүдэр сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг бид олгож байна. Цаашид ч энэ боломжийг бид бусад сумдад олгох болно. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжинэ. Энэ онд баялаг бүтээгчидээ таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа 4 дэх томоохон арга хэмжээ энэ удаагийн “Соёл, эдийн засгийн өдөр” юм. Өнгөрөгч 7-р сард ОХУ-ын Зэдийн аймагт, 8-р сард Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдийн Гонгорын “Бумбаны тахилга”-ын арга хэмжээнд, 09-р сард Архангай аймагт “Сэлэнгэд үйлдвэрлэв” арга хэмжээг зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидээ дэмжиж, бүс нутгуудад сурталчилж ажиллалаа “ гэлээ.
 
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Хүдэр сумынхан эмийн ургамлууд, жимс жимсгэнэ, ногооны дармал, гэр ахуйн модон эдлэл зэргийг дэлгэн тавьсан бол аймгийн төв Сүхбаатарчуудн талх нарийн боов, гэр ахуйн модон эдлэл, год болон эсгий гутал, төрөл бүрийн модны суулгац, даршилсан болон хүнсний ногоонуудыг дэлгэн худалдааллаа.