Уул уурхайн тогтвортой хөгжлийн чиглэлээр уулзалт хийлээ
10-р сарын 22-ны өдөр Канадын ЭТИС хөтөлбөрийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхай, байгаль орчны чиглэлийн ИНБ-уудын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Канадын ЭТИС хөтөлбөр нь Канад улсын засаглалын нөөцийг сайжруулах, бэхжүүлэх зорилготой ажилладаг бөгөөд Канадын Олон Улсын Нөөц баялаг, Хөгжлийн Институт (CIRDI)-тэй хамтран ажиллахаар болж байгаа юм байна.
 
 
Энэхүү байгууллага нь Канад улсын Гадаад харилцаа, Худалдаа Хөгжлийн Яамнаас болон бусад холбогдох түншлэгчдийн санхүүжилтээр байгалийн ашигт малтмалаа ашиглан хөгжиж байгаа улс орнуудад орон нутгийн, бүс нутгийн болон улсын хэмжээний засаглалын байгууллагууд, цаашилбал орон нутгийн иргэд, байгууллагууд, олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудтай зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтарч ажилладаг аж. Тус институтын зөвлөх үйл ажиллагаанд Бритиш Колумбиа Их сургууль (University of British Columbia), Саймон Фрэйзэр Их сургууль  (Simon Fraser University), Монтериалын Политехнийкийн Их сургууль (École Polytechnique de Montréal)-ийн эрдэмтэн багш нар оролцдог юм байна. Мөн Канадын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, компаниудтай түншилж ажилладаг аж. Уг институт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэхийн өмнө өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, тухайн орон нутагт уул уурхайн бодлого чиглэлээр ямар хэрэгцээ шаардлага байгааг мэдэх зорилгоор ярилцлага хийдэг байна. Иймээс энэ утгаараа өнөөдөр Сэлэнгэ аймагт хүрэлцэн иржээ. Уулзалт, ярилцлагад уг институтын зөвлөхүүд болох Др. Берн болон ноён Дэйв, мөн монгол талыг хариуцсан н.Мэндээ болон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Сэлэнгэ аймгийн уул уурхайн тогтвортой хөгжлийн чиглэрээр ажиллаж байгаа ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.