Хүүхдийн зохиолч Алтанбулагийн хүүхдүүдтэй уулзлаа
Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд бүтээл туурвилаараа алдаршиж, хэл, соёл, урлаг, утга зохиолыг билиг оюуны гэрэлт зулаараа гийгүүлсэн их эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ренчиний мэлмий гийсний 110 жилийн ойн энэ жил тохиож байгаа. Энэ их ойтой холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас нэлээд олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг жишээ нь Их эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ренчиний авьяас билэг, хүч чадал, ариун хөдөлмөрөө Монгол хэл, түүх соёлоо хамгаалан хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж явсныг Монголын хойч ирээдүйд үнэн бодитоор хүргэх, гэгээн дурсгалыг нь төрөлх нутаг, орондоо мөнхжүүлэх зорилгоор энэ оны 10-р сарын 15-наас 11-р сарын 15-ны өдрүүдэд аяныг зохион байгуулж байгаа явдал юм.
 
 
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай энэ сарын 21-ний өдөр хүрэлцэн ирж, Их эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ренчиний нэрэмжит Алтанбулаг сумын ЕББДС-ийн хүүхдүүдтэй уулзалт хийж, тус сургуулийн сурагчид болон, эцэг эхчүүдэд “Зөв Монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдэвт лекцээ уншлаа. Энэ үеэр хүүхдийн зохиолч маань өөрийн зохиосон хүүхдийн дуугаа шүлэглэн хэлэхэд хүүхдүүд даган дуулж, хөгжилдөн байлаа. Тэрээр хоёр өдрийн өмнө Баянгол, Мандал сумын сургуулиудад уг лекцээ уншсан гэлээ. Энэхүү лекцийн утга учир нь ном эхлэн уншиж байгаа хүүхдүүдэд ямар ном унших ёстойг эцэг, эхчүүдэд нь хэлж өгөхөд чиглэгдэж байгаа аж. Зах зээлийн даяарчлалын энэ үед сайн, муу сүлэлдэн хөгжиж байна. Иймээс хүүхэд хамгийн түрүүнд унших номоо хэрхэн сонгохыг эцэг эх мэдэх ёстой. Эхлээд л залхаасан, муу ном уншуулчихвал хүүхэд дахиад хэзээ ч ном уншдаггүй гэнэ. Иймээс нас насны онцлогоор нь хэлж өгч байгаа гэлээ.
 
 
 
 
Дэлхийн хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн “Таван зүс” дуу нь Олон Улсын хүүхдийн дууны уралдаанд тэргүүн байр хүртэж, мөн Монгол үндэстний хүүхдийн зохиолын “Алтан унага” дээд шагналын эзнээр тодорч байжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай их эрдэмтэн Б.Ренчин гуайтай хэрхэн уулзаж явснаа хөөрөлдсөн юм. Тэрээр:”Би оюутан байхдаа Цогт тайж, түүний яруу найраг сэдвээр дипломын ажлаа хийсэн юм. Манай багш нар Б.Ренчин гуайгаар удирдуулж ир гэсэн даалгавар өглөө. Энэ хүнээр удирдуулахгүй бол сургуулиас хасна гэлээ. Би их айж сүрдэж байлаа. Тэгээд айж, хулгаж байгаад яваад очсон. Гэтэл Ренчин гуай хаалгаа тайлж өгөөд, та юу хийж явна гэв. Тийм мундаг эрдэмтэн хүн, намайг “та” гэхээр би сүрдээд, улам л сандарч өглөө. Тэгээд гэртээ дагуулж ороод номын өргөөндөө оруулан суу гэлээ. Тэгээд өөрөө надад цай аягалж өглөө. Тэгээд би зорилгоо хэллээ. За, би уншаад өгье. Маргааш өглөө 09.00 цагт хүрээд ир гэсэн. Тэгээд өглөө нь очтол, за май, гээд надад өглөө. Бушуухан аваад замдаа унштал  намайг их магтсан байв. Маш сайн, хуучны материал цуглуулсан байна гээд л. Ингэж би дипломоо онц хамгаалж байсан түүхтэй. Энэ бол энэ агуу том эрдэмтэнтэй уулзсан миний анхны уузлалт байлаа. Дараа нь Оросын “Детский летратура” сэтгүүлд монголын хүүхдийн утга зохиолын тухай Ренчин гуай бичсэн өгүүлэлдээ “бага насныханд зориулсан цорын ганц хүүхдийн зохиолч бол Ж.Дашдондов юм” гэж бичсэн байж билээ. Ингэж би түүхэнд мөнхөрсөн их эрдэмтэн хүнээр магтуулж, түүнээсээ болж бусдөөс жавтий ч хүртэж явлаа. Тухайн үед 40-өөд хүүхдийн зохиолч байсан юм. Дараа нь би “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч боллоо. Энэ сонин бол тэр үед хамгийн том сонин байсан. Ингээд сониныхоо анхны зочноор Б.Ренчин гуайг урьж оролцуулж байсан. Энэ мэт хэд хэдэн удаа энэ их хүмүүнтэй уулзаж, яриаг нь сонсож, ярилцаж, зөвлөгөөг нь сонсож байлаа. Алтанбулаг суманд босгосон энэ хөшөө их сайхан болж. Өөртөө нь уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн, нулимс унагам сайхан хөшөө болжээ” хэмээлээ.