Манай баялаг бүтээгчид үзэсгэлэнд оролцов

Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулагдсан “Герман-Монголын бизнесийн өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Шангри Ла” Зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Сэлэнгэ аймгаа төлөөлж Шаамар сумын “Шижир”, “Мөнх цовдон” хоршооны зөгийн балууд, Сүхбаатар сумын “Шилмэл эсгий” ХХК-ийн эсгий бүтээгдэхүүнүүд, “Сэлэнгэ гутал” ХХК-ийн годон гутал, “Үжээд” цай гэсэн бүтээгдэхүүнүүд амжилттай оролцсон байна. Үзэсгэлнгийн хоёр өдөрт манай аймгийн баялаг бүтээгчид нийт 600 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд Сэлэнгийн зөгийн балыг нийслэлчүүд ихэд таашаан худалдан авч байв. “Герман-Монголын бизнесийн өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаанд нийт 30-аад компаниуд оролцсон бөгөөд орон нутгаас Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн баялаг бүтээгчид аймгаа төлөөлөн амжилттай оролцжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд хөгжиж ирсний илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын орчин үеийн дэвшилтэт өндөр технологи манай уул уурхайн түүхий эдийг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл, хүнсний болон жижиг, дунд үйлдвэрүүдэд нэвтэрч байгаа аж. 2014 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 173.9 сая ам долларт хүрсэн байна.