Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт болов
Ирэх 11-р сарын эхээр Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан албадын бэлтгэл бэлэн байдлыг шалгах урьдчилсан сургалт өнөөдөр өглөө 07.00 цагт зарлан мэдээлэх дуут дохиогоор эхэллээ.
 
Аймгийн төв Партизаны талбайд зохион байгуулсан уг арга хэмжээнд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, НЭ, Гаалийн газар, ХХААГ, Улаанзагалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ ОННХ, аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Зооноз төв зэрэг 26 байгууллага, албад оролцож, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдатай аймгийн Онцгой комиссын орлогч дарга болон гишүүд явж танилцсан юм. Ингээд аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар:”Монгол Улсын хэмжээнд ялангуяа сүүлийн жилүүдэд гарч байгаа гамшиг ослын тоо, гарч байгаа давтамжийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын бус, ард иргэдийг өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, түүнд сургаж дадлагажуулах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Ер нь гамшгаас хамгаалах, гамшиг үүслийн үед бэлэн байдлыг хангах гэдэг бол маш чухал асуудал. Бэлэн байдалтай байж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй сайн зохион байгуулж, үүссэн гамшгийг эрсдэл багатай даван туулах ёстой. Иймээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагууд, мөн эдгээр байгууллагуудыг түшиглэсэн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах улсын албад, аймгийн Онцгой комисс гэсэн мэргэжлийн байгууллагууд хамрагдан ажилладаг. Энэ хүмүүсийнхээ бэлтгэл бэлэн байдлыг байнгын бэлэн байдалд байлгах, өнөөдөр үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна уу, үгүй юу гэдгийг шалгах хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийг ирэх 11-р сард Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байна. Иймээс өнөөдөр урьдчилсан бэлтгэл ажлын анхан шатны бэлэн байдал ямар байгааг шалгаж үзлээ. Цаашид энэ хэмжээндээ бэлтгэл ажлаа улам эрчимжүүлж, 11-р сард болох сургуульдаа амжилттай оролцохоор бэлтгэл ажил явагдаж байна” хэмээн ярилаа. Тус сургууль нь улсын хэмжээнд 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. Энэхүү үйл ажиллагаа нь мэргэжлийн албадын удирдлагуудад зориулсан сургалтаар үргэлжилж байна.