Хушаат, Сайхан сумдын “Соёл-эдийн засгийн өдөр” өдөрлөг боллоо
Энэ жилийн сумдын “Соёл-эдийн засгийн өдөр” өдөрлөгийн хаалтыг Хушаат, Сайхан сумд хийлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг аймгийн төв Сүхбаатар хотын ард иргэдэд тухайн сумын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулж шинэ зах зээл олох боломжийг нээх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үндсэн зорилгын дор зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн 2014 онд сумынхаа тэгш ойн баярыг тэмдэглэсэн Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Ерөө сумд амжилттай оролцсон бол энэ 2015 онд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, байгалийн үзэсгэлэн төгөлдөр Хүдэр, Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг, аймгийн маань хамгийн отгон сум Жавхлант сумдаар үргэлжилж, өнөөдөр буюу 10-р сарын 29-нд аж үйлдвэрийн өлгий нутаг Сайхан, газар тариалангийн нутаг Хушаат сумдаар өндөрлөлөө.
 
Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олгон, эргэх холбоог бий болгон өгч буйгаараа онцогтой болж байгаа юм. Өнөөдрийн энэхүү Сайхан, Хушаат сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ард иргэд оролцлоо.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”Аймгийн Засаг даргын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Бид энэхүү соёл, эдийн засгийн арга хэмжээгээрээ аймгийнхаа сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг олгож байгаа юм. Цаашид ч энэ боломжийг үлдсэн 6 сумандаа олгоно. Түүнчлэн энэ арга хэмжээг дараа дараагийн аймгийн удирдлагууд маань улам боловсронгуй болгож, уламжлуулан авч явах байх аа. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжихийг зорьж байгаа. Дэмжих ч болно” хэмээн хэллээ. Энэ удаа Сайхан сумын төр төсвийн байгууллагууд, ялангуяа цэцэрлэгүүд ихээхэн ач холбогдол өгч, багш нарынхаа болон эцэг эхчүүдийнхээ хийсэн гар урлалын бүтээлүүд, хүнсний бүтээгдэхүүнээр оролцож байгаа нь шинэлэг байлаа. Ер нь “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээнд оролцож буй сумд бүхэн өөр өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээ  сурталчилж байгаа. Энэ удаа Сайханчууд өөрсдийн гараар бий болгосон бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээр голчлон оролцож байгаа бол Хушаатчууд малын ашиг шимээр бий болсон цагаан идээ, цэвэр хөрсөндөө ургуулсан элит төмс, хүнсний ногоогоороо оролцлоо.
 
Энэхүү “Соёл, эдийн засгийн өдөр” өдөрлөгийн үеэр Сайхан, Хушаат сумдын авьяаслаг ард иргэдийн маань нэгдсэн концерт тоглосон нь Сүхбаатарчуудын талархлыг ихэд хүлээсэн. “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээний энэ жилийн хаалтыг хийж буй хоёр сум маань Сүхбаатар хотын иргэдэд өгөөж баян намрын үдшийн цэнгүүн тольдсоноор энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.