Б.Ринчений эрдэм шинжилгээний бүрэн түүвэр Сэлэнгийн номын санд залагдлаа
Их эрдэмтэн билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойн хаалтын үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Амралтын өдөр буюу энэ сарын 5-ны өдөр болсон үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний академийн эрдэмтэд, Б.Ринчен судлалын мэргэжилтнүүд оролцож өөр өөрсдийн судалгааны бүтээлүүдээрээ илтгэл тавьсан юм. Тус хурлын үйл ажиллагааны нээлтэнд оролцсон аймгийн Засаг дарга С.Бүрэнбат” Чихнээ чимэг болсон аялгуут сайхан монгол хэлээ хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг эрхэмлэн дээдэлж ирсэн, билгүүн номч их эрдэмтнийхээ 110 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймагт олон чухал үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. Тухайлбал түүний хүрэл хөшөөг төрсөн нутаг Алтанбулаг суманд нь босголоо. Мөн багш сурагчдын дунд монгол хэл бичгийн хичээлийн уралдаан боллоо. Түүнчлэн Б.Ринченийг хэн сайн мэдэх вэ” сарын аян зохион байгууллаа. Монголын үндэсний оюун ухаан, авьяас билгийн оргил болсон эрдэмтэн, зохиолч Б.Ринчений монголын түүхэнд үлдээсэн ул мөр, бүтээл туурвилаар бахархаж, түүнээс суралцаж, монгол үндэстний түүх соёлоо эрхэмлэн дээдэлж үргэлжлүүлэх эрдэмтэд энэ нутгаас олноор төрөн гарах болтугай” хэмээн хүсэн ерөөгөөд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн. Энэ үеэр Б.Ринчен багшийн эрдэм шинжилгээний бүрэн түүвэр, 1956 онд Унгар улсад  хамгаалсан Монгол хэлний тэмдэглэгээ гэсэн дисертацийн эх хувийг крилл үсгээр буулгасан бүтээл, 1930-аад оны үед хэвлүлж байсан судалгааны эхийг аймгийн номын санд бэлэглэсэн.
 
Аав минь их л сэтгэл хангалуун байх байсан даа

 

 

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд оролцож буй билгүүн ном, их эрдэмтний хүү Р.Барсболд:”Манай үйл ажиллагааг дэмжиж биднийг ийм  сайхан нутагт ирж хуралдах боломж бололцоогоор тусалсан аймгийн Засаг даргад баярлалаа. Энэхүү 110 жилийн ойг тэмдэглэх ажил Улаанбаатар хотод эхэлсэн. Өнөөдөр нутагт нь хүндэтгээд энэ сайхан эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа нь маш сайхан үйл явдал болж байна. Энэ үйл ажиллагаа бол олон улсын хэмжээнийх юм. Аль ч эрдэмтэн хүний нэр төрийг хүндэтгээд ой болох үйл ажиллагааны хүрээнд бүтээл туурвилыг нь хэвлүүлэх ажил нэн чухал байдаг. Энэ 110 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа бүтэн жилийн турш зохион байгуулагдаж байгаа. Энэ жил 14, ирэх жил 4 гээд нийт 20 гаруй ном хэвлэгдэн гарч байна. Эдгээр номын 9 нь өөрийнх нь бичсэн уран бүтээлийн эмхтгэл. Бусад нь энэ хүний үйл ажиллагаа, ажил амьдралтай нь холбоотой судалгааны сайхан бүтээлүүд гарч байгаа. Миний хувьд хамгийн чухал, хамгийн гол зүйл бол хэрэв аав минь, их эрдэмтэн, номч маань амьд сэрүүн байсан бол их л баярлах байсан байх даа. Өөрийнх нь хайртай монгол хэл, монгол үндэстний бичиг үсгийн талаар түүнийг хөгжүүлэх, батжуулах, хамгаалах хууль гарч байгаад. Энэ хуулийн санааг Улаанбаатарт хурал хийж байхад Монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ дурьдсан байдаг. Аав минь амьд сэрүүн сонссон бол их л сэтгэл хангалуун байх байсан даа. Тухайн үед цаг нь болоогүй байсан байх. Аавын минь үлдээсэн бүтээлүүд олон бий. Надад ч, улсын архивт ч, шавь нар хамтран ажиллаж байсан, багшийнхаа үзэл санааг хөгжүүлж, дэлгэрүүлж яваа судлаач нөхдөд нь бий” хэмээн ярилаа.

 

 

Харин “Б.Ринчений судалгааны өв” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг даргалагч, ЭША-ийн эрдэмтэн, доктор н.Болд ийнхүү ярилаа.

 Тэрээр:”Ринчен багшийн 110 жилийн ойг тэмдэглэх асуудал дор хаяж нэг жил арай хүрэхгүй хугацаанд өрнөж байна. Энд бид хэд хэдэн чухал ажлуудыг хийлээ. Тухайлбал хамгийн түрүүнд хөшөө дурсгалыг нь босгосон. Мөн түүнтэй холбоотой түүхт газрууудыг эрэн сурвалжлах, хаягжуулах багц ажлуудыг хийлээ.  Саяхан багш маань анх төрийн албанд зүтгэж, хөдөө орон нутагт байгуулагдсан анхны бага сургуульд багшилж байсан байшинг тодруулж хаягжууллаа. Мөн хоёрдугаарт багшийн судалгааны өвийн талаар анхаарсан. Энд хамгийн далайцтай нь гэвэл 1956 онд Унгар улсад шинжлэх ухааны докторын зэрэг  хамгаалсан бүтээлийн эх хувийг эргүүлэн авч, уламжлалт монгол бичгээс крилл монгол бичигт хөрвүүлсэн. Тэр үед эх хэлний нийгмийн үүрэг их бага. Бас Ардын боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх ийм ярвигтай үе байсан. Тэр үед сургуулийн шинэ тогтолцоог бүрдүүлнэ гэдэг маань шинэ хичээл заана л гэсэн үг. Шинэ хичээл заана гэдэг чинь нэр томьёо, үг хэллэгийг нь жигдэлнэ гэсэн үг. Энэ талаар хийсэн ажлуудыг тухайлбал таван ухааны нэр томьёог орчуулж байсан тэр ажлуудыг сурталчилсан. Мөн өнөөдрийн Б.Ринчений судалгааны өв гэсэн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хийж байна. Өв гэдэг нь эрдмийн салбарт үлдээсэн бүтээлийг хэлдэг. Нийтдээ 500 гаруй судалгаа, сурталчилгааны бүтээл хэвлүүлсэн. Түүний 200 гаруй нь орчуулгын ном зохиол байдаг. Иймээс бүтээл, судалгааны өв гээд ярих юм бол их том ажил болно л доо. Багшийг гадна дотны эрдэмтэд санал нэгтэйгээр “монгол судлалын түүхийг монгол газар мандуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол түмний зан заншил, хэл соёл, ахуй амьдралыг дэлхий дахинд сурталчлахад гүүр болж байсан” гэсэн дүгнэлтийг өгч байсан юм даа” хэмээн ярилаа.