Аймгийн Засаг дарга “Хүүхдээ сонсоё” уулзалтыг зохион байгууллаа
Аймгийн Засаг дарга буюу аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Бүрэнбат санаачлан “Хүүхдээ сонсоё” уулзалтыг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийн зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбарт тусгагдсаны дагуу хүүхдийн санаа бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх энэхүү уулзалтанд Сүхбаатар сумын ЕББД сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын төлөөлөл болон ирж, өөрийн үзэл бодол, саналаа Засаг дарга С.Бүрэнбатад хүргэлээ. Уулзалтанд оролцогч хүүхдүүд Цаг заваа гарган хүүхдүүд бидэнтэй биечлэн уулзсан Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд баярлаж байгаагаа юуны түрүүнд дамжуулж байв. Уулзалтыг нээж аймгийн НХХ-ийн дарга Ж.Батсайхан хэлсэн үгэндээ:”Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн оролцоог дэмжих” хөтөлбөр, мөн аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хүүхдүүдийн оролцоог түшиглэн санаа бодлыг нь сонсох, хэрэгцээг тодорхойлон, эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшингийн хүмүүст хүргэх, хүүхдүүдийн хөгжил хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд тодорхой ажлуудыг хийж байна. Энэ утгаараа өнгөрсөн 9-р сард аймгаас “Бид шинэ үеийн хүүхдүүд” аймгийн хүүхдийн чуулганыг зохион байгуулж, чуулганаас 300 гаруй санал хүүхдүүдээс гарч, үүнийгээ нэгтгэсэн уриалгыг гаргаад байна. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа ч мөн адил хүүхдүүд та бүхний төлөө хийгдэж байгаа бас нэг арга хэмжээ юм.
 
Ингээд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Бүрэнбат аймгийн төвийн ЕББД сургуулийн төлөөлөл болсон хүүхдүүд та бүхэнтэй биечлэн уулзахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн хэллээ. Хүүхдүүд аймгийн даргад цаг заваа гарган хүүхдүүд биднийг хүлээн авч уулзан, сэтгэл зүрхний минь үгийг сонсож, хүсэлт, санал, гомдлыг хүлээн авч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. Аймгийн Засаг дарга, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнтэй уулзахаар хүүхдүүд тодорхой санал, асуултуудыг бэлтгэж ирсэн байсан. Тэд сургуулийн орчинг улам боловсронгуй болгох, гэрэлтүүлэгийг сайжруулах, сургуулийн спорт заал багтаамж муутай байдаг, сагсан бөмбөгийн холбоо байгуулж тус спортыг аймагтаа улам хөгжүүлэх, хүүхдийг хөгжүүлэх цогц ордонтой болох, сургууль дээр секц дугуйлан хичээллэж байгаа боловч төдийлөн хүүхэд бүрт хүрч суралцах боломж хүрэлцэхгүй байдаг. Мөн гүйлтийн талбайтай болгож өгөөч, одоо цас их орж байгаа учраас хальтиргаа гулгаа үүсч байгааг анхаарч өгөөч. Шинэ байгуулагдсан 3-р сургуулийн халаалт муу, хүүхдүүд гадуур хувцасаа тайлж чадахгүй байна. МСҮТ-ийн талаар хүүхдүүд сөрөг ойлголт ихтэй байх юм. Үүнийг засч залруулж, эерэг ойлголтыг олгож өгөөч. Одоо орой эрт болдог улирал ихч байгаа болохоор харанхуйд хүүхдүүд явахад гэрэлтүүлэг муу, архи уусан, сэтгэцийн өвчтэй хүмүүс айлгах явдал гарч байна. 4-р сургуулийн хүүхдүүд сургуульдаа багтахгүй байна. Сургуулиуд дээр сэтгэл зүйч ажиллуулмаар байна. Төвийн сургуулиудыг автобустай болгож өгөөч. Бид бас бусад сургуулиуддаа очиж харилцан урлаг, спортын туршлагаа солилцох хүсэлтэй байна. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориул сургуулийн номын санг өргөжүүлж, номын фондыг нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж өгнө үү. Мөн заим сургуулиуд гадна замыг асьфалт болгож өгөхийг хүссэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэмцээнд явахад зардлын асуудал их хүнд байна. Алслагдмал гэр хорооллын гудманд гэрэлтүүлгийг ойрын хугацаанд тавьж өгөөч, мөн сургуулийн орчимд замын тэмдэглэгээг сайн тод хийж өгөөч. Бас золбин нохой их байгаас дотуур байрлуугаа явахад айдаг. 8-р багийн ПСМК чиглэлд осол их гарч байна. Иймээс замын тэмдэглэгээг хийж өгөөч байна. 4-р сургуулийн цайны газарт орох гарах гарцтай болгож, бас зарим асуудлуудыг шийдвэрлэж өгөөч. Ханиадны улирал эхэлж байгаа учраас зөвлөмж өгүүлж өгнө үү. Сурагч солилцоо хөтөлбөрт төвийн сургуулийнхаа ахлах ангийн хүүхдүүдийг оролцуулж баймаар байна гэсэн саналуудыг тавьсан.
 
Аймгийн дарга хүүхдүүддээ баярласанаа илэрхийлсэн. Хүүхдүүдийн саналыг нэг бүрчлэн сонсоод хариу өгсөн байгаа. Дараа энэ уулзалтаа улам боловсронгуй болгоод мини парламент зохион байгуулахыг санал болгосон. Хүүхдүүдтэй уулзах уулзалтыг ойр ойрхон зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож байхыг тэрээр эрхэмлэж буйгаа хэллээ. Хүүхэд гэдэг ертөнцийг томчууд тэр бүр нарийн ойлгодоггүй. Иймээс хүүхдүүдээ ойлгож, санал бодлыг нь сонсож байхыг энэ үйл ажиллагаагаар өргөжүүлнэ хэмээн тэрээр хэллээ. Мөн аймгийн дарга та бүхний ирүүлсэн 5 зүйлийн уриалгыг маш сайн хүлээн авч байгаа. Нэгэндээ урам сайн хайрлаж бай. Бусаддаа мэдлэгээ хуваалцаж, хүсэл зорилгоороо нэгдэнэ гэсэн сайхан уриалгыг дэвшүүлсэн байна. Багш нараасаа ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан байна. Хувийн мэдээллийг задруулахгүй байхыг уриалсан байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүсээс шийдвэр гаргахдаа хүүхдийг оролцуулж байхыг уриалжээ. Би та бүхний уриалгыг өнөөдөр албан ёсоор гардан авлаа гэж ойлгож байна. Та бүхний уриалгыг хэрэгжүүлэн ажиллана.
 
Та нартаа амжилт хүсье. Баярлалаа. Дараа тун удахгүй дахин уулзана аа хэмээн энэ удаагийнхаа уулзалтыг өндөрлөсөн.