Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт болж байна
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаанд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, НЭ, Гаалийн газар, ХХААГ, Улаанзагалмайн хороо, “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ ОННХ, аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Зооноз” төв, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 26 байгууллага, албад оролцож байна. Энэ үеэр аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар:”Монгол Улсын хэмжээнд ялангуяа сүүлийн жилүүдэд гарч байгаа гамшиг ослын тоо, гарч байгаа давтамжийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын бус, ард иргэдийг өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, түүнд сургаж дадлагажуулах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна” хэмээн хэллээ. Тус сургууль нь улсын хэмжээнд 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. Энэ удаагийн гамшгаас хамгаалах сургууль нь мэргэжлийн албадын удирдлагуудын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
 
 
 
Өнөөдрийн үйл ажиллагаанд орон нутгийн 12 алба, 26 мэргэжлийн анги, 2 сайн дурын мэргэжлийн анги, нийт 526 хүн, 24 техник хэрэгсэл, үүнээс18 нь тусгай зориулалтын техник хамрагдан ажиллаж байна.