Аймгийн дарга Сүхбаатар сумын иргэдтэй биечлэн уулзлаа
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 5, 6-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар хотын багуудад ажиллаж, иргэдтэй биечлэн уулзлаа. Аймгийн даргын тухайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээгээр аймгийнхаа 17 сум, 6 тосгодын ард иргэдтэй биечлэн уулзалт хийж, харилцан ярилцаж, болж буй зүйл юу байна, болохгүй зүйл юу байна гэдэг асуудлаар санал бодлыг нь сонсдог уламжлалтай.
 
Энэ удаа аймгийн дарга Сүхбаатар хотын 8 багт хоёр өдрийн хугацаанд ажиллаж, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд хийж буй, хийсэн ажлуудаасаа, мөн өнөөгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний санал бодлыг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Аймгийн төвийн багуудын тухайд бүтээн байгуулалтын ажлууд сайн хийгдэж байгаад иргэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Харин иргэдийн зүгээс нэг үеэ бодоход хогийн асуудал шийдэгдсэн ч ачиж зөөвөрлөх тал дээр уддаг, мөн нохой, муур элбэгшиж байгаа, хүнсний захын махны тасгийн ариун цэврийн асуудал хангалтгүй байгаа, гудамжны гэрэл шөнө асахгүй байгаа нь алслагдсан багийн иргэд орой үдэш явахад хүндрэлтэй байгаа, мөн түлээ нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгөх вэ зэрэг ахуйн асуудлуудыг хөндөж байлаа. Түүнээс гадна Сэлэнгийн иргэдийн амьдрал хашаанаасаа  эхэлдэг. Иймээс алга дарам газрын шимээр амьдралаа залгуулж буй иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулах, хадгалах асуудал хүнд байгааг анхаарч бодлогоор дэмжиж ажиллахыг хүсч байв. Сэлэнгийн иргэдийн тухайд амьдрал нэг их хүндрээд байгаа зүйл бага байгаа ч үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь борлуулалт удаашралтай байна хэмээн онцолж байсан. Аймгийн дарга Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 5-р багийн ахмадуудын байгуулсан урлагийн хамтлагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Зарим асуудлуудыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт уламжилж хурдан шуурхай шийдвэрлэн хариу өгөх үүргийг өгч байлаа. Сүхбаатар сумын иргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсч байв.