Шаамар сум шинэ “Ахмадын өргөө”-тэй боллоо

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ахмад настнуудын байнгын үйл ажиллагааг тогтмолжуулах, нийгмийн оролцоог бий болгох, дэмжих зорилгоор Шаамар сумын “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвсгэрт Ахмадын шинэ өргөөг ашиглалтанд орууллаа. Уг өргөөний барилгын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 55 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр, “Ууган Ананд” ХХК хийж гүйцэтгэжээ. Тус Ахмадын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Ахмадын хорооны дарга Б.Ганхуяг,сумын ИТХ-ын дарга О.Эрдэнэчимэг, Засаг дарга М.Баярбаатар, сумын Ахмадын хорооны дарга Д.Нямжав нар оролцлоо. Шинэ өргөөний нээлтийн арга хэмжээний үеэр урлаг соёлын төлөөллүүд ая дууны мэнд дэвшүүлсэн байна. Энэ үеэр сумын хөгжил дэвшилд идэвхи зүтгэл гарган ажилласан ахмад настнуудаа шагнаж урамшуулжээ.