Зул бичиг
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад тариаланч, Өлзий-Утасын Жадамба нь 2015 оны 12-р сарын 06-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд болон Сэлэнгийн нийт тариаланчиддаа гүн эмгэнэл илэрхийлье.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад тариаланч, Өлзий-Утасын Жадамба нь 1942 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрж, 1960 оноос Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд тракторч-комбайнч, тариа бригадын даргаар 24 жил ажилласан ахмад тариаланч юм.
 
Тэрээр 10 жилийн хугацаанд 27 жилийн ажлыг хийж, Улсын аварга комбайнч цолыг 4 удаа авч байжээ. Монгол Улсад атар газар эзэмшсэний 1, 2, 3-р аянуудад оролцож, газар тариалангийн салбарт ажиллаж байх хугацаандаа ХАА-н тэргүүний ажилтан тэмдэг, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, аймаг, улсын аварга цол, шагналуудыг удаа дарааллан хүртсэн байна. Ө.Жадамбаагийн дээр дурьсан олон жилийн бахдам амжилт, эх оронч зүтгэл бүтээлийг улсаас өндрөөр үнэлж, 1974 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож, алтан соёмбо медаль, Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ.
 
Түүний БНМАУ-ын Хөдөлмөрийн баатарын алдар гавьяа хүртлээ 24 жил газар тариаланд бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ажлын арга туршлага нь залуу механикжуулагч, тариаланчдад хамгийн үнэтэй сайхан өв, бахархалт гэгээн дурсамж байх болно.
 
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, ЗДТГ