ХүнийэрхийнҮндэснийКомиссындаргаЖ.Бямбадоржийн илгээлт
Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн дүрэмдээ заасны дагуу “хүний үндсэн эрх”-ийг баталгаажуулахын тулд анх удаа 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг гаргасан ч заавал биелүүлэх хэм хэмжээ байгаагүй юм. Одоогоос 49 жилийн тэртээ 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний эдэлвэл зохих үндсэн эрхийг төр заавал биелүүлэх үүрэг хүлээсэн Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт баталсан билээ. Өнөөдөр Иргэний болон улс төрийн эрхийн пактыг 167 улс, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактыг 160 улс зөвшөөрөн нэгдэн оржээ. Манай улс энэ хоёр гэрээг 1974 онд соёрхон баталсан ба 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд эдгээр гэрээгээр баталгаажуулсан эрхийг иргэддээ эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн онцлогтой төдийгүй үндэсний хууль тогтоомжийнхоо нэгэн адил сахин мөрдөх үүрэг хүлээдэг.
 
Орчин үед аюулгүй байдал, хөгжил, хүний эрх нь тусдаа ойлголт биш, цогцоор анхаарах асуудал болсон байна. Гэсэн хэдий ч хэдэн арван жилийн өмнө баталсан Олон улсын хүний эрхийн билл гэж нэрлэгдэх болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, дээр дурдсан хоёр пактыг иргэд тэрбүр мэдэхгүй, төрийн байгууллага, тэрдундаа шүүх дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэхгүй байгааг арилгахын тулд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа чухал нөлөөтэй. Ялангуяа төрийн хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргээ биелүүлж, иргэдийнхээ амар амгалан, сайн сайхан байдлыг хангаж чадахгүй байгаа нь Олон улсын хүний эрхийн билл ямар учир холбогдолтой, яагаад хүндэтгэн сахих шаардлагатайг тодоор харуулж байна. Хүний жам ёсны, төрөлхийн шинжтэй эрх, үндсэн эрх чөлөөг эдлүүлж чадвал өөрийн амьдралаа зохион залах, өрөөл нэгнээс хараат бус орших, аз жаргалдаа хүрэх нөхцөл бүрдэх учраас хагас зууныг туулсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактыг хүндэтгэн сахиж, хуулийн нэгэн адил хүчинтэйд тооцох тул зүйл бүрийг ёсчлон биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн итгэлтэй байна. Хүний сайн сайхны төлөөх ариун үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж