Халдваргүйжүүлэх төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна
Канадын Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти, тус нийгэмлэгийн дэд дарга н.Алтанцэцэг, ХӨСҮТ-ийн халдвартын мэргэжилтэн н.Цолмон нарын төслийн багийн төлөөлөгчид аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай өнөөдөр уулзлаа.
 
Канадын Олон улсын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа эмнэлгийг халдваргүйжүүлэх төсөл нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бөгөөд цаашид 9 аймагт хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эдгээр 9 аймгаасаа энэ удаа  Сэлэнгэ аймгийг онцлон сонгож, аймгийн НЭ-ийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, халдваргүйжүүлэлтээр загвар аймаг болгох зорилготой юм байна. Уг төсөл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад хэрэгжиж, цусны банк шинээр байгуулж, тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах мэргэжилтэнг дадлагажуулж, чадваржуулах аж. Энэ төслийн хүрээнд нийтдээ нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти хэлсэн. Гадаад оронд эмнэлгүүдэд аль болох олон халдвар илрүүлснээр ажлын үр дүнг нь тооцдог. Гэтэл монголд эсрэгээрээ халдвар гарах л юм бол муу гэсэн үнэлгээ өгдөг. Иймээс эмнэлгүүд халдвар илрэхээс айж, нуудаг аж. Энэ тогтолцоог бүр мөсөн үгүй болгоход төслийн зорилго чиглэгдэж байгаа гэнэ. Аль болох олон халдвар илрүүлж, учир шалтгааныг нь олох тутам үйл ажиллагаа сайжирдаг байна. Сэлэнгэ аймгийн хувьд халдвар, нян судлал хоёроор мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй аж. Аймгийн дарга хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлээд хамгийн гол нь төсөл дуусахад тоног төхөөрөмж үлдэх бус, түүнд гаршсан чадварлаг мэргэжилтэн үлдэх нь чухал гэдгийг онцлон хэлсэн. Канадын ОУ-ын нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти Сэлэнгэ аймагт 4 дэх удаагаа ирлээ. Аймгийн ЭМГ болоод НЭ-ийн дарга нартай уулзах боломж таарсангүй. Иймээс аймгийн даргын зүгээс анхааралдаа авч, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.