Гэр бүлийн хүрээнд ууж согтуурах хэрэг буурахгүй байна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж  буу хэрэглэхийг завдсан хэрэг өнгөрсөн сарын 31-ний өдөр гарлаа. Сэжигтэн Б.О гэгч  нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна. Хэрэг гарсан өдөр тэрээр  гэртээ  хамтран амьдрагчийнхаа толгойн тус газарт данхаар цохиж танхайрсан бөгөөд, дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч  нарын  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, скиз маркийн галт зэвсэгийг цэнэглэж, амь насыг нь хохирооно хэмээн заналхийлэн танхайрчээ. Түүний энэхүү үйлдэлд нь Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүрээнд ууж согтууран улмаар маргалдаж гэмтэл учруулах хэрэг буурахгүй байгаа тул нийт иргэддээ аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлж байх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан уриалгыг дэмжиж архигүй сум, хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардах зэрэг аливаа хуульд заасан харш үйлдэл гаргахгүй байх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэхийг аймгийн прокурорын газраас   анхааруулж байна.
 
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын
Хэвлэл мэдээллийн алба