Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас сэрэмжлүүлж байна
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 2243 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 718-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Гэмт хэргийн улмаас 58 хүн нас барж, 371 хүнд гэмтэл учирсны гадна гэмт хэрэг, зөрчлийн улмаас иргэдэд 1 тэрбум 385 сая 800 мянган төгрөгийн хохирол учирчээ. Аймгийн хэмжээнд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэргүүд болох хүнийг санаатай алах гэмт хэрэг 2 дахин, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулах гэмт хэрэг 13 хувиар, хүчингийн гэмт хэрэг 25 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 3.3 хувиар, эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 22 хувиар, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 2 дахин, хүүхэд оролцсон гэмт хэрэг 73 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн үйлдэгдэн гарсан гэмт хэргийн 263 буюу 37 хувь нь согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, хүний тоо 19 хувиар тус тус өссөний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл 6 дахин өссөнөөс дүгнэлт хийхэд иргэд баяр ёслол, чөлөөт цагаараа архидан согтуурах явдал өссөнтэй холбоотой байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баяр ёслолыг архигүй тэмдэглэх тухай гаргасан санаачлагыг дэмжин архидан согтуурахгүй байх, түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэргийн халдлагад өртөж хохирогч болох, согтуугаар осгож золгүй байдлаар амь насаа алдах явдал гарч болзошгүй байгааг аймгийн Прокурорын газраас сэрэмжлүүлж байна.
 
Сэлэнгэ аймгийн Прокурорын газар Хэвлэл мэдээллийн алба