Хүүгээ хөнөөсөн эх Сэлэнгийн иргэн биш
Энэ сарын 18-нд буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн иргэн Д гэгч эмэгтэй 2 настай хүүгээ хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарлаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаад байгаа. Энэхүү мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Ш.Наранцэцэгтэй утсаар холбогдож тодруулга авлаа.
 
Тэрээр:”Энэ эмэгтэй бол манай сумын иргэн биш ээ. Манай сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчин өрх, Хунзийн Одхүү гэдэг айлын эхнэр юм. Эднийх 3 хүүхэдтэй. Бага хүүгээ эхнэр  нь хөнөөсөн хэрэг гарсан. Эхнэр нь одоо 8 сартай жирэмсэн юм билээ. Тэрээр Орхон аймгийнхаа эмнэлэгт очиж жирэмснийхээ хяналтанд үзүүлчээд баахан эм тариатай ирсэн гэсэн. Тэгээд уух заавраа мэдэхгүй байсан болохоор, нөхөр Одхүү нь уулан дээр гарч эмчтэй нь холбогдож, эм уух зааврыг нь аваад ирэх хооронд хүүгээ хөнөөгөөд, өөрийгөө хүзүү болон зүрхэн тус газраа хутгалсан байсан байжээ. Манай Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр дээр гарсан учраас олон нийт манай сумаас онц ноцтой хэрэг гарлаа хэмээн ойлгоод байна аа. Үүнийг залруулж өгөөч. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр учраас Хөтөлийн цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаж байгаа” хэмээн тайлбар өглөө.
 
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь Орхон аймгийн Жаргалант сумтай хил залгаа оршдог юм байна. Иймээс Орхон сумын Жаргалант, Баян-Өндөр сумдын 50  малчин өрх тус сумын нутаг дэвсгэрт малтайгаа өвөлжиж байгаа юм байна.