Мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна
Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний төвөөс 2016 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийн анхаарууллаа.
Мөн дээрх цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас нийт иргэддээ хандаж:
-Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулж замд гарах,
-Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах,
-Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарах, зорчигчдын аюулгүй байдал, шатахууны нөөц, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-Гол мөрөн дээгүүр зорчих, автомашинаар ачаа тээвэр хийхгүй байхыг нийт ард иргэддээ анхааруулж байна.