Энэ жил хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд бий

Сэлэнгэ аймгийн ИТХ ээлжит 16-р хуралдаанаараа аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэн дүгнээд 92.6 хувь буюу хангалттай хэмээн үнэлсэн юм. Ингээд аймгийн Засаг дарга С.Бүрэнбатаас хэдэн асуудлаар хариулт авснаа толилуулья.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон удирдлагын багийнхан 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа амжилттай сайн гэж үнэлүүллээ. Энэ хугацаанд ямар ажил арга хэмжээнүүд амжилтай сайн хийгдэв?
 
Миний хувьд жил бүр аймгийнхаа ИТХ-д тайлангаа тавьж, ажлаа дүгнүүлдэг. Энэ удаа өнгөрсөн 3 жил гаруйгийн хугацаанд хийсэн ажил, Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр ямар хэмжээнд гүйцэтгэв гэдгээ ИТХ-д тайлангаа тавьж, ИТХ хэлэлцэж дүнгээ гаргалаа. Товчоор хэлэх юм бол бид энэ хугацаанд ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод байлгах зэргээр олон зорилтуудыг тавьсан маань амжилттай хэрэгжлээ. Бидний олон жилийн мөрөөдөл болсон хөрөнгө оруулалтууд. Ялангуяа Сэлэнгэ аймаг бол өөрөө үйлдвэрлэлийн томоохон Монгол Улсын эдийн засгийн бүс нутаг. Сэлэнгэд үйлдвэрлэж байгаа энэ хүнсний бүтээгдэхүүний үнэ өртөг буух, өсөх асуудал энд үйлдвэрдэглэж байгаа үйлдвэрлэл, дэд бүтэцтэй холбоотой. Бид олон жил мөрөөдөөд хийж чадахгүй байсан дэд бүтцийн ажлуудаа энэ 4 жилд амжилттай хийж чадлаа.
 
Тухайлбал Ерөөгийн чиглэлд хар зам тавиад бодьтой яваад эхэлчихлээ. Удахгүй жил гаруйн дараа ашиглалтанд орох гэж байна. Мөн Орхон, Ерөө, Хараа гол дээр тавигдсан том гүүрүүдийн 90 хувь хийгдлээ. Одоо Ерөө, Түнхэлийн гүүрүүд ашиглалтанд орохоор гүүрний асуудлыг 100 хувь шийдэх болно. Мөн Сант, Орхон сумд, “Амарбаясгалант” хийдийг хар замаар холбох ажлуудыг энэ хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлэх гэж байна. Энэ хугацаанд бид 3 цэцэрлэг,  2 сургууль, 2 спортын ордон, баяр наамдын 4 талбай зэрэг маш олон бүтээн байгуулалтыг явуулсан. Үүний зэрэгцээ гадаад харилцаагаа маш сайн өргөтгөсөн. Мөн удирдлагын түвшинд, үйлдвэрлэгчид, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтран ажиллах чиглэлд боломжийг нээсэн үр дүнтэй ажлуудыг нэлээд хийлээ. Өнөөдөр манай ИТХ, намуудын бүлгээс бидний ажлыг дэмжиж, бас урам өгч, ямар нэгэн санал шүүмжлэлгүйгээр баяр хүргэж, баталсан явдалд талархаж байна. Энэ бол зөвхөн Засаг дарга, түүний багийн ажил биш, аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчид, аймгийн маань хүн бүхний оролцооны үр дүн юм.
 
-Бүх төлөвлөсөн ажил 100 хувь байгаагүй нь мэдээж. Таны хийхээр төлөвлөсөн зүйлүүдээс тань арай биелээгүй, хүлээлт үүсгэсэн ямар ажил арга хэмжээ байна. Энэ талаараа . . .?
 
Хөрөнгө оруулалтын явцад мөнгөний хүндрэлтэй холбоотой асуудлуудаас шалтгалаад үлдсэн ганц нэг ажлууд бий. Үүнийг үлдсэн хугацаанд бүгдийг нь хийнэ гэвэл хүндрэлтэй. Иймээс бид хөгжлийнхөө төлөвлөлтөө 2020 он хүртэл хийсэн. Энэ дотор дараагийн онд залгаад явахаар төлөвлөсөн ажлууд бий. Явцын дундаа байгаа, он жилүүдийн хугацаанд хийгдэх ажлуудаа залгамж халаандаа үлдээнэ. Тэгэхдээ бид арай болоогүй 7 сар хүртэл 4 сар үргэлжүүлэн хийх хугацаа бий. Энэ хугацаандаа бид УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад, улсын төсвийн тодотголд тавиулаад эндээ зохион байгуулах ажлуудаа тасралтгүй гүйцэтгэнэ.
 
-Баярлалаа танд.