Малчдын амьдралыг өөрийн биеэр харж яваа даргадаа баярласан малчид олон байв

Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон удирдлагын багийнханы 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сайн хэмээн үнэлсэн. Аймгийн Засаг даргын зүгээс 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ ийнхүү аймгийн ИТХ-даа тайлагнаад нэгэнт дүгнүүлсэн учраас одоо сумдынхаа иргэдэд тайлагнах ажилдаа ороод байгаа. Өчигдөр Хушаат сумаас эл ажлаа эхэлсэн тэрээр өнөөдөр Жавхлант сумын иргэдтэй уулзаж, ажлын тайлангаа тавьлаа. Жавхлант сумын иргэд аймгийн даргын тайланг сонсоод талархан хүлээн авсан. Энэ арга хэмжээний үеэр иргэдээс аймгийн даргадаа талархсан үгс нэлээд цуварч байлаа. Харин гомдол санал ер гарахгүй байгаа харагдсан. Гэвч бүх юм 100 хувь тэгш байхгүй. Иймээс бидний зүгээс ажилдаа гаргасан алдаа, анзааралгүй өнгөрсөн зүйл, дутуу санагдсан зүйлээ элэн далангүй хэлэхийг сумдын иргэдээс аймгийн дарга хүсэж байв. Жавхлант сумын иргэдийн уулзалтын дараа аймгийн дарга тус сумын “Бумбат” багийн малчин, сумын сайн малчин Г.Жамбалын суурьт очлоо. Эднийх “Дэрстэй хөндий” хэмээх газарт өвөлжиж байлаа. Бог, бод нийлсэн 600 гаруй малтай гэнэ. Малынх нь 40 гаруй хувь төллөжээ. Эднийд ойр хавийн 4 өрхийн гишүүд ирсэн байв. Энэ нутгийн малчдад усны асуудал жаахан хүнд байдаг гэлээ. Бусдаар бол сайхан байгаагаа малчид хэлж байв. Харин ноосны урамшууллаа байнга өгдөг байхыг захиж байлаа. Жавхлант сумын малчид малаа цөөлж, эрчимжүүлэх тал руу чиглэж байгаагаа даргад хэлсэн. Мөн залуу малчны халааг төрөөс хэрхэн анхаарч байгааг аймгийн даргаас асууж байв. Оюутан цэрэг гэдэг шиг “малчин цэрэг” хөтөлбөр байвал зүгээр юм уу гэсэн санааг өгч байлаа. Ер нь энэ өвөл их сайхан сүүлийн 10 жилд тохиолдоогүй өвөл боллоо хэмээн энэ нутгийн малчид ярьж байв. Аймгийн даргын ажилд талархлаа илэрхийлээд ирэх 4 жилд дахин уулзахыг ерөөл өргөж байв. Малчин биднийгээ гэж хот сууринд минь хүрэлцэн ирж санал бодлыг минь сонсож, амьдрал ахуйг маань нүдээрээ харж яваа аймгийн удирдлагадаа баярлалаа гэдэг үгийг олноор хэлж байв. Энэ айлаас гараад аймгийн дарга цаашаа 1-р багийн малчин Г.Мягмархоролын хот айлаар зочиллоо. Эднийх 2 хүүтэйгээ хамт мал малладаг гэнэ. 900-аад малтай, төллөх 650 малны 350 нь төллөж, төлөө бүрэн авч байгаа аж. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын ихэрлэлт маш их байгааг малчид ярьж байлаа. Энэ бол өвөл өнтэй, мал тарган орсны илрэл хэмээн хашир малчид өгүүлсэн. Энэ нь мал өсөх сайхан хэдий ч эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт нэн таатай зүйл биш бололтой. Гэхдээ ухаант малчид малаа хэрхэхээ, тоо толгойдоо хэрхэн тааруулж, төр засгийн бодлогодоо уялдуулахаа мэдэх буй за.