Аймгийн Засаг дарга ажлынхаа тайланг тавьж эхэллээ

Тэрээр Хушаат сумын малчин өрхүүдээр орж, хаваржилтын байдалтай нь танилцахын зэрэгцээ аймаг орон нутагт өрнөж байгаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм. Тус сумын “Мөнх толгой” хэмээх газарт хаваржиж буй малчин В.Даваадоржийнхоор орлоо. Эднийх тэжээлийн үйлдвэр сумандаа байгуулахаар төслөө хийсэн тухайгаа аймгийн даргад танилцуулсан. Мөн “Рашаантын адаг”-т хаваржиж байгаа малчин С.Мөнхбатын мал эд төллөж, хашаандаа 500 гаруй хурга эсэн мэнд бойжиж байлаа. Эднийх эрчимжсэн мал таллахаар шулуудсан тухайгаа аймгийн даргадаа ярьж байв. Мөн сумын иргэн өндөр настан н.Батбаяр гуайхаар орлоо. Түүний хүү З.Хосбаяр Сэлэнгийнхээ нэр төрийг өргөж яваа тамирчин хүү. З.Хосбаярыг пара тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальтай, жудо бөхийн тамирчин гэдгийг Сэлэнгэчүүд андахгүй. Түүний ирээдүйн амжилтанд нөлөө үзүүлэхэд хамгийн чухал нь байнгын бэлтгэл гэдгийг түүний эгч өгүүлсэн. Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад дүүгээ байнгын бэлтгэлд нь явуулж чаддаггүйгээ хэллээ. Түүнийг сайн судалж, цаашид дэмжихийг сумын дарга Д.Галбадрахад үүрэг өгсөн. Мөн өөрөө дэмжинэ гэдгээ ч хэлсэн. Үүний дараа аймгийн дарга сумын иргэдтэй соёлын төвд уулзалт хийлээ. Иргэд аймгийн даргын ажлын тайланг маш талархалтай хүлээж авсан. Энэ үеэр ямар нэгэн гомдол санал байхгүй байлаа. Аймгийн даргын дараагийн сум Жавхлант.