Сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ
Сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах тухай аймгийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 6-ны өдрийн А/93 тоот захирамж гарлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны “Журам батлах тухай” 148 дугаар тогтоолын 5, 6 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.  Үүнд:
Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн талаар дэлгэрэнгүй судалж, бүртгэлжүүлэх, шашны төрөл, урсгал чиглэл, байршил, бусад үйл ажиллагааг нь тогтоож, тэдгээрийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд 2016 оны 4-р сарын 05-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгалаа. Мөн аймаг, сумдад хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамцыг томилж гишүүдэд аймгийн Цагдаагийн газрын дарга, аймгийн Тагнуулын газрын дарга, аймгийн ИХШХГ-ын дарга, аймгийн БСГ-ын дарга, аймгийн УБСГ-ын дарга, МХГ, Гааль, татварын газрын Татварын хэлтсийн дарга нар болон аймгийн ИТХ-ын шашны асуудал хариуцсан ажилтан нарыг тус тус томилсон байна. Сумдад ажлын хэсгийн ахлагч нь сумдын Засаг дарга нар байх бөгөөд гишүүдэд сумын Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, татварын улсын байцаагч, улсын бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан нар ажиллах аж.
Шалгалт зохион байгуулж явуулах тухай Хууль зүйн яамнаас 2016 оны 4-р сарын 4-ний өдөр гаргасан удирдамжийн хүрээнд уг ажлыг шуурхай зохион байгуулахаар ийнхүү аймгийн дарга захирамжиллаа.