Үндэсний бүтээн байгуулалт нээлтээ хийлээ
“Монголыг Монголчууд хөгжүүлнэ” хэмээх уриан дор  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших “Төмөртэйн” ордоос “Хандгайт” өртөө хүртлэх 33.4 км төмөр замын нээлт өчигдөр болж, анхны ачаа тээвэрлэлт хийгдлээ.
 
Өнгөрсөн 2-р сарын 1-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт ᠌᠌ “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн “Төмөртэй-Хандгайт”-ын төмөр замыг ийнхүү үндэсний компанид шилжүүлэн өгчээ. Монгол улсын ган бүтээгдэхүүний түүхий эдийг тээвэрлэх үндэсний бүтээн байгуулалт бүхий “Төмөртэй-Хандгайт”-ын төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Зам тээврийн сайд М.Зоригт, ЗГХЭГ-ын дарга, С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Засгийн газрын төлөөллүүд тус төмөр зам нь улс, эх орныхоо нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой, үндэсний бүтээн байгууллалт боллоо хэмээн онцолсон. Тус төмөр зам нь ачиж буулгах гурван терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол, холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор бөгөөд нэг жил гаруйн хугацаанд барьж байгуулсанаараа онцлог ажээ.
 
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “ДТҮ” ХК-ийн Ерөнхий захирал Д.Батжавхлан үндэсний бүтээн байгуулалт “ТӨМӨРТЭЙ-ХАНДГАЙТ”-ын төмөр замыг “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбатад шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулан өглөө. Мөн энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-иас тээвэрлэлтийн үйл ажиллагааг нээж, өөрийн эзэмшлийн ачааны хагас вагоны анхны цуваагаар төмрийн хүдэр тээвэрлэлээ. “Төмөртэйн” ордоос энэ жил нэг сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой аж. Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчаар “Кью Эс Си” ХХК, үндсэн гүйцэтгэгчээр “Монголиан Рэйвлэй Корпрейшин” ХХК, “Пик Девелопмент” ХХК, “Хөтөл керамзит” ХХК, “Максимал” ХХК болон Улаанбаатар төмөр зөм нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.