Зүүнбүрэнчүүд ЭМТ-ийн өргөтгөлийн ажлыг шуурхайлж өгөхийг хүслээ

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Зүүнбүрэн суманд ажиллалаа. Тэрээр тус сумын “Бэлчир”-ийн 2-р багийн малчин Ө.Отгонбаярын өвөлжөөнд бууж хот айлын малчидтай уулзаж, санал бодлоо солилцсон юм. Тэднийд ойр орчны малчин өрхийн гишүүд болох Даваа, Батбуян нар ирж аймгийн даргатай сонин сайхан яриа өрнүүлж, хөөрөлдлөө. Малчдад өнөөдөр тулгамдсан асуудлууд гээд байх юм алга. Зүүнбүрэн сумын хувьд малчдад малын бэлчээр сүүлийн жилүүдэд улам хомсдож зуслангийн газар байхгүй болж байгаа талаар малчид хөөрөлдсөн. Тэд ихэвчлэн бод мал маллаж байгаа гэлээ. Малаа эрчимжүүлэх, тоогоо цөөлөх бодлого барьж байгаагаа ч хэлж байв. Одоо удахгүй хаваржаандаа нүүх гэнэ. Энэ сумын малчдын нэг онцлог нь өвөлжөөндөө ногоо тэр дундаа шийгуай тариалдаг байна. Шийгуай тарихад зардал бага, ургац арвин авдаг гэнэ. Үүний дараа аймгийн дарга Зүүнбүрэн сумын иргэдтэй уулзалт хийлээ. Сумын Засаг дарга Б.Батчулуун, сумын ИТХ-ын дарга Б.Гэрэлтуяа, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч н.Сайнцог нар оролцлоо. Сумын зүгээс аймгийн даргын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсоод талархалтай хүлээж авсан. Суманд тулгамдаад байгаа асуудал байхгүй бөгөөд сумын ЭМТ-ийн өргөтгөлийн ажлыг шуурхайлж өгөхийг хүсэж байлаа.