“Монголд үйлдвэрлэв” Аж үйлдвэрийн чуулган болж байна

“Монголд үйлдвэрлэв” Аж үйлдвэрийн чуулган Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна. Эл арга хэмжээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, ОХУ-аас үйлдвэрлэгчид оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан, үйлдвэрийн улсын тооллого, Монгол Улсын шилдэг хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн захирлууд туршлагаа хуваалцаж, орон нутагтай хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Чуулганы нээлт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг явагдаж байгаа аж. Сэлэнгэ аймагт болж буй энэхүү нээлтэнд   АҮ-ийн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, АҮЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар оролцож үг хэллээ. Чуулганы үеэр “Монголд үйлдвэрлэв” шилдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Энэхүү арга хэмжээний гол үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймгийн үйлдвэрүүдийг бүртгэж, явцын талаар танилцуулга хийх бөгөөд үр дүнг хэлэлцэж, шагнал гардуулах юм. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан, үйлдвэрийн улсын тооллогод хамрагдсанаар тухайн компанийн хувьд АҮЯ-наас тодорхой дэмжлэгийг авах боломжтой болж байгаа аж. Энэхүү арга хэмжээг Сэлэнгэ аймгийг сонгож, зохион байгуулж буй онцлог нь Сэлэнгэ аймаг бол топ 3 аймгийн нэг. Нөгөө талаас Газар тариалан, МАА-н гол бүс нутаг, сайн үүлдрийн үхэр, хоньтой, сайн сортын жимс, жимсгэнэтэй, улсын урдаа барьдаг бүтээгдэхүүнүүд Сэлэнгэ аймгаас гардаг, аялал жуулчлалын тухайлбал “Сайхан”-ны хөтөл, “Амарбаясгалант” зэрэг цогцолбор газруудтай, хүнд үйлдвэрүүдийн цөм нь оршдог зэргээр сонгожээ.