МҮЭ-ийн байгууллагад зориулсан дурсгалын хөшөөний шавь тавих ёслол Ерөө суманд болно
Монголд Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтсан арга хэмжээ Сэлэнгэ аймагт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Анх Монгол улсад ҮЭ-ийн байгууллага Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгуулагдсан түүхтэй юм байна. Иймээс ч ҮЭ-ийн хөдөлгөөний анхны галыг бадрааж, тулгын чулууг тулж байсан эл нутагт МҮЭ-ийн байгууллагад зориулсан дурсгалын хөшөөний шавийг тавих ёслолын үйл ажиллагаа маргааш болох ажээ.
 
Өнөөдрийн энэхүү сургалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт, МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа сэдвээр МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа мэдээлэл өглөө. Мөн оролцогчдод ҮЭ-ийн хороо, сумын ҮЭ-ийн холбооноос явуулах үйл ажиллагаа сэдвээр М.Ганаа, Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, нийгмийн түншлэл, сумдын 3 талт салбар зөвлөл, хороодын үйл ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг, ХАБЭХ-н тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх нь сэдвээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Тунгалаг, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.Пүрэвсүрэн нар мэдээлэл өглөө. Сургалтанд оролцогчид маргааш Ерөө суманд болох дурсгалын хөшөөний шавь тавих ёслолд оролцоод, Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн “БТЕГ” ХХК-тай танилцах ажээ.