Малчдын зээлийн асуудлыг орон нутгийн онцлогт уялдуулж өгөхийг малчид санал болгож байна

Аймгийн Засаг дарга Н.Бүрэнбат, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар өнөөдөр Шаамар суманд ажиллаж, аймгийн Засаг даргын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг тус сумын иргэдэд тавилаа. Сумын иргэдийн зүгээс аймгийн Засаг дарга болон түүний хамт олны ажлын тайланг сонсож мэдээд талархалаа илэрхийлж байлаа. Шаамар сумынхны хувьд хаврын ид ажил өрнөж эхэлсэн байлаа. Ногоо тарьж амьдрал ахуйгаа залгуулдаг тус сумын иргэдийн хувьд хашаандаа ногоо тарьдаг иргэдэд худгийн асуудал нэлээд тулгамдсан асуудал болоод байгаа талаар 1-р багийн иргэн, өндөр настан н.Шура гуай хэллээ. Олон жилийн нүүр үзэж байгаа энэ худаг шаардлага хангах түвшинд ажиллахгүй байгаа аж. Иймээс аймгийн дарга анхааралдаа авч биднийг худагтай болгож өгөөч хэмээн тэрээр саналаа хэлсэн. Аймгийн даргын зүгээс худгийн асуудалд хандуулж, шийдвэрлэж өгнө гэлээ. Шаамар сумын иргэдийн уулзалтын дараа аймгийн дарга зарим иргэд, малчдын ахуй амьдралтай танилцсан. насаараа багшийн ажил хийж байгаад гавьяандаа суусан өндөр настан, н.Баярмагнай гуай хашаандаа ногоо тарьж, жимсний бут сөөг тарьдаг гэнэ. ажилсаг хичээнгүй, хөнгөн шингэн хөдөлгөөтэй хоёр буурай аймгийн дарга гэрт нь зочилсонд бэлэгшээж байлаа. Ахмадуудын маань төлөөлөл болсон хоёр хөгшин ач, зээгээ дагуулаад болж байна хэмээн сууж байлаа. Үүний дараа багийнхан “Охиндий” 2-р багийн Нарсан сүүл хэмээх газарт өвөлжиж байгаа малчин А.Цогбадрах гуайн хот айлд очиж, мал төллөлт, малчдын ахуй амьдралтай танилцлаа. Тэднийд ойр орчмын 10-аад малчид цугларсан байв. Одоогоор бог мал төлөөд бараг дуусч, бод малын төллөлт хараахан болоогүй байгаа аж. Малдчдын зүгээс зуны цагт сүүгээ борлуулах ажил л маш хэцүү байдаг. Иймээс хөргүүртэй болмоор байгаа тухайгаа ярьж байв. А.Цогбадрах гуайнх гэхэд л зуны улиралд өдөрт 100 л сүү сааж авдаг байна. Үүнийгээ бараг борлуулж чадахгүйд хүрч, ааруул, цагаан идээ бэлтгэдэг гэнэ. Мөн малчдаас малчдын зээлэнд нутаг орны онцлогтой уялдуулаад, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж байгаа Сэлэнгэ нутгийн малчдад зээл олгох журмаа эргэж харахыг санал болгож байлаа. Нэг малчин өрх 500-аас дээш малтай байж, малчны зээлэнд хамрагдах юм байна. Гэтэл зарим малчид өндөр ашиг шимтэй, эрчимжсэн цөөн тооны малтай байдаг. Гэтэл 500 хүрэхгүй байна гээд зээл олдохгүй байх жишээтэй. Энэ асуудлыг анхаарч харахыг аймгийн даргад уламжилж байлаа. Бидний очсон энэ айл эрчимжсэн 500-аад малтай аж. Үүний ихэнх нь лиммузин үүлдрийн үхэр, хангай үүлдрийн хоньтой ажээ.