Аймгийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хуралдаан боллоо

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар зөвлөлийн 2016 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан дараах асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

1. Байгууллага, иргэдээс аймгийн төр захиргааны байгууллагуудад гаргасан санал өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2016 оны 1 дүгээр улирлын тайлангийн мэдээлэл.

2. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл.

3. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл.

4. Аймгийн Засаг даргын нөөц сангийн 2016 оны 1 дүгээр улирлын зарцуулалтын тайлан.

5. Аймаг хөгжүүлэх сангаас зээл авах тухай “Алтанбилэг” ХХК-ийн хүсэлтийн талаарх санал дүгнэлт.

6. Аймаг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгуулах талаар зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн тухай.

7. Аймгийн Засаг даргаас зөвлөлийн гишүүдэд цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөх.

 

Байгууллага, иргэдээс аймгийн төр захиргааны байгууллагуудад гаргасан санал өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2016 оны 1 дүгээр улирлын тайлангийн мэдээлэл.

“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын Дулааны станцад утааны шүүлтүүрийн системийн шинэчилэх талаар тусгайлан санал боловсруулж танилцуулах, Цагааннуур сумын иргэдээс гаргасан цахилгааны төлбөрийг бичихдээ нэмж өргөтгөл шинэчилэлийн ажил хийсэн мөнгө гэж нэмж төлбөр авч байгаа асуудлыг Мэргэжлийн хяналтын газраас тодруулж, албан бичгээр үүрэг өгөх, Түшиг сумын иргэдээс сумын Засаг даргын Тамгын газрын талаар гаргасан гомдлын дагуу ажлын хэсэг томилж ажиллуулах, цаашид гомдолд холбогдсон албан тушаалтныг дуудан ирүүлж, үүрэг чиглэл өгч албан бичиг дагалдуулан явуулж байхаар шийдвэрлэлээ.

 

Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл.

Татварын орлогыг бүрдүүлэх талаар аймгийн Татварын хэлтэстэй хамтран ажиллаж, сумдын орлогын төлөвлөгөөг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үүрэг болголоо.

 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын болон Засаг даргын нөөцийн сангийн зарцуулалтын тайланг ил тод байрлуулах, сумдын санхүүгийн мэдээллийг нөхөж оруулах, Шилэн дансны мэдээллийн талаарх Сангийн яамны мэдээллийг танилцуулахыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавт үүрэг болголоо.

 

Аймгийн Засаг даргын нөөц сангийн 2016 оны 1 дүгээр улирлын зарцуулалтын тайлан.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа танилцуулав. Тайлангийн хугацаанд тус сангаас 25 удаагийн ажил арга хэмжээнд нийт 61.9 сая төгрөгийн зарцуулалт хийгдсэн байна. Шагнал урамшуулал, буцалтгүй тусламжинд 4.1 сая төгрөг, Аймгийн Засаг даргын нөөц сангийн журмын холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөг, бусад зардалд 45.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Аймаг хөгжүүлэх сангаас зээл авах тухай “Алтанбилэг” ХХК-ийн хүсэлтийн талаарх санал дүгнэлт.

Алтанбулаг суманд хаус хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа “Алтанбилэг” ХХК-иас Аймаг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтээ гаргасны дагуу тус сангийн мэргэжилтэн холбогдох материалыг танилцуулж, зөвлөлийн нийт гишүүдийн саналаар “Алтанбилэг” ХХК-д 1 жилийн хугацаатай 300 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн зээлийн эргэн төлөлтийн талаар хүсэлтээ ирүүлсэн “Видү” ХХК, Сант сумын иргэн С.Арсланбаяр нарын хүсэлтийг хэлэлцээд “Видү” ХХК-д зээлийг гэрээнд заасан хугацаанд багтаан төлөх, иргэн С.Арсланбаярын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн үйлчилгээний барилгыг чөлөөлүүлэх тухай албан бичгийг холбогдох газарт нь хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Аймгийн Засаг даргаас зөвлөлийн гишүүдэд цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөх.

Цаг үеийн ажлын талаар аймгийн Засаг даргаас Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэлийг салбар тус бүрээр өглөө. Үүнд:

- “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулах,

- Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд уулзалт зохион байгуулах,

- Улаанбурхан өвчинтэй тэмцэх шуурхай баг байгуулах,

- Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдаас мөнгө татахасуудлыг шууд зогсоох.

- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

- Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж, иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэх.

- Зарим байгууллагын удирдлагуудад төрийн байгууллагын ажил үйлчилгээг хэвийн явуулахад анхаарч, ажилтнуудыг зүй бусаар халсан асуудлыг судалж шийдвэрлэх.

-Сүхбаатар суманд баригдсан иргэдийн эзэмшиж байгаа гражийн газруудын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргүүдийг өглөө.